Уншиж байна ...

Хөрсний гулгалтад нэрвэгдсэн Хятадын Сичуань мужид аврах ажиллагаа үргэлжилж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 10 цаг 18 минут
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн үд дундын үед баруун өмнөд Хятадын Сичуань мужийн Ибинь хотын ойролцоох Жиньпин тосгон хөрсний гулгалтад өртөх үеэр 30 гаруй хүн сураггүй алга болжээ.

“Арван амины орон сууц дарагдаж, 30 гаруй хүн сураггүй алга болж, 200 орчим хүнийг нүүлгэн шилжүүллээ” гэж CCTV суваг мэдээлсэн байна.

Хөрсний гулгалт зогсохгүй үргэлжилсээр байгаа нь аврах ажиллагааг хүндрүүлж буйг орон нутгийн албаныхан мэдээлжээ.

зураг
 

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд санаа зовж байгаагаа илэрхийлж, сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх, хохирлыг багасгах арга хэмжээнд онцгой анхаарал хандуулахыг холбогдох албаныханд даалгасан тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Ли Чян гамшигт өртсөн нутгийн ойр орчмын газар орны геологийн болзошгүй эрсдэлийг судлах, үүнд үндэслэн бусад бүсийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ.

Сүүлийн саруудад уулнаас хад чулуу нурах үзэгдэл байнга ажиглагдах болсныг орон нутгийн оршин суугч хэвлэлд ярьсан байна.

Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хороо гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн сэргээн босголтод улсын төсвөөс 50 сая юань ($6.9 сая) гаргахаар шийдвэрлэснийг Шиньхуа мэдээлжээ.

 

Эх сурвалж: Aljazeera