Уншиж байна ...

Украины ерөнхийлөгч газрын ховор элементээр аюулгүй байдлаа хангах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский улс орных нь аюулгүй байдлыг хангах баталгаа өгвөл газрын ховор элементийн баялгаа АНУ-д ашиглуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Украин улс газрын ховор элементийн нөөцөө ашиглуулбал Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцлийг нь үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм.

“Хэрвээ тохиролцоог хүсэж байвал тохиролцоцгооё. Бид зөвхөн аюулгүй байдлаа хангуулахыг хүсэж байна” гэж Зеленский ярилцлагадаа хэлжээ.

Өнгөрсөн оны намар Украины тал “Ялалтын төлөвлөгөө”-гөө Өрнөдийн холбоотнуудад танилцуулахдаа анх газрын ховор элементийн нөөцөө ашиглуулах санал тавьсан юм байна.

Украины нийт эрдэс баялгийн 20 хүрэхгүй хувь, түүн дотроо газрын ховор элементийн нөөцийн тал орчим хувь Оросын цэрэгт эзлэгдсэн нутагт дэвсгэрт байгааг Зеленский газрын зураг дээр харуулан тайлбарлажээ.

Уг нөөцийг Москвагийн эрх баригчид Умард Солонгос, Иран зэрэг холбоотнууддаа нээж өгөх боломжтойг тэр энэ үеэр анхааруулсан байна.

“Бид Путинийг зогсоож, өөрийн баялаг болох асар их нөөцтэй төв Украины Днеприйн бүс нутгийг хамгаалах хэрэгтэй” гэж Зеленский энэ үеэр хэлжээ.

Украин улс агаарын тээвэр, сансрын технологийн чухал түүхий эд болох титан, цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураны нөөцөөр Европ тивд тэргүүлдгийг тэр баталсан байна.

Титаны нөөцийн ихэнх хэсэг дайны талбараас хол Украины баруун хойд хэсэгт оршдогийг Зеленский газрын зураг дээр харуулжээ.

Гэхдээ Украин улс эрдэс баялгаа зүгээр өгөх биш, хамтран олборлож, харилцан ашигтай түншлэх саналтай байгааг тэр илэрхийлсэн байна.

“Америкчууд бидэнд хамгийн их тусалсан тул тэд хамгийн их ашиг хүртэх ёстой. Энэ талаар би ерөнхийлөгч Трамптай ярилцах төлөвлөгөөтэй байна” гэж Зеленский хэлжээ.

Оросын тал Украины хаана ямар баялаг байгааг Зөвлөлтийн үеийн судалгааны ажлуудаас сайн мэдэж байгааг тэр бас хэлсэн юм.

Үүнээс гадна Украины газар доорх байгалийн хий нөөцлөх асар том байгууламжийг АНУ-ын шингэрүүлсэн хийг хадгалахад ашиглах боломжтойг Зеленский нэмж хэлжээ.

“Трампын засаг захиргаа үүнийг маш их сонирхож байгааг би мэднэ. Бид энэ тал дээр хамтран ажиллахад бэлэн байна. Мэдээж Украин бол бүх Европыг хийгээр хангах төв болох боломжтой” гэж тэр хэлсэн юм.

Зеленский бас ОХУ-ын ерөнхийлөгчөөс өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.

“Хэрвээ ингэхгүй бол Украины асуудлыг Украины оролцоогүйгээр ярилцсан хэрэг болно” гэж тэр хэлсэн байна.

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Трамп ирэх долоо хоногт Зеленскийтэй утсаар ярих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байв.

Пүрэв гарагт ОХУ-ын Курск мужийн нутагт Украины арми шинэ давшилт эхлүүлж, 2.5 км урагш ахисныг Зеленский ярилцлагынхаа үеэр мэдээлжээ.

Оросын албаны эх сурвалжууд ч ийм давшилт болсныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тэд давшилтыг зогсоосон гэж мэдээлж байгаа.

Хэдэн долоо хоногийн турш үзэгдэхээ болиод байсан Умард Солонгосын цэргүүд тулааны талбарт дахин ирснийг Зеленский ярилцлагадаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters