Уншиж байна ...

Колумбын ерөнхийлөгч дотоодод нь үймээн дэгдээсэн партизаны бүлэглэлийг Мексикийн картел удирдаж байгааг хэлжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 11 цаг 21 минут
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын дундаас Колумб улсын алслагдсан зүүн хойд нутагт ELN нэртэй партизаны бүлэглэл 2016 онд засгийн газартай энхийн гэрээ байгуулсны дараа тарсан FARC партизаны бүлэглэлийн экс гишүүдийг устгах аллага явуулж эхэлсэн юм.

Үүний улмаас тухайн бүс нутгийн олон арван мянган иргэн орон гэрээсээ дүрвэж, Колумбын засгийн газар ELN бүлэглэлтэй дайтах цэргийн хүчийг илгээж байлаа.

Тэгвэл Баасан гарагт зүүн хойд бүсийн Букараманга хотод үг хэлэх үеэрээ Колумбын ерөнхийлөгч Густаво Петро үймээн самуун дэгдээсэн партизаны бүлэглэлийг Мексикийн хар тамхины томоохон картел Синалоа удирдаж байгааг мэдэгджээ.

“ELN бүлэглэлийг Колумбын командлагч нар биш, Синалоа картел удирдаж байна” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

зураг
 
Колумбын ерөнхийлөгч Густаво Петро

Колумбын зэвсэгт бүлэглэлүүд болон Мексикийн Синалоа картелын хооронд хэлхээ холбоо байдаг тухай олон жилийн турш яригдаж байгаа.

Синалоаг үүсгэн байгуулсан гол хүмүүсийн нэг “Эль Чапо” хочтой Хоакин Гузман одоо АНУ-ын шоронд хоригдож байгаа юм.

2024 оны долдугаар сард өөр нэг үүсгэн байгуулагч “Эль Майо” хочит Исмаэл Замбада баривчлагдсаны дараа Синалоа картелын дотор эрх мэдлийн төлөө тэмцэл эхэлжээ.

Тэр үеэс хойш картелын хоёр том фракцын хооронд дэгдсэн дайнд  Мексикийн баруун хойд бүс нутагт хэдэн зуун хүн алагдаж, өөр хэдэн зуун хүн сураггүй алга болоод байгаа.

60 жилийн түүхтэй ELN (Үндэсний Чөлөөлөх Арми) болон бусад зэвсэгт бүлэглэлүүд кокаины хидрохлоридыг тусгай зэвсгээр наймаалцах хамтын ажиллагааг Синалоа картелтай эхлүүлсэн байж болзошгүйг Колумбын эрх баригчид өнгөрсөн сард мэдээлж байв.

ELN партизаны бүлэглэл 2022 оноос хойш Густаво Петрогийн засгийн газартай энхийн яриа хэлэлцээ явуулж байсан нь Кататумбо мужид дэгдсэн мөргөлдөөний дараа зогссон юм.

Одоо Колумбын засгийн газрын армийн 10,000 гаруй цэрэг хүчирхийллийг зогсоох зорилгоор Кататумбод тусгай ажиллагаа явуулж байгаа.

Колумб улс нь дэлхийн хамгийн том кокаин үйлдвэрлэгч улс юм.

Тус улсад үйлдвэрлэсэн кокаиныг Мексикийн картелууд АНУ-ын зах зээлд хууль бус аргаар нэвтрүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Кокаиныг зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад оршдог Колумбын алслагдсан зүүн хойд бүсэд голдуу үйлдвэрлэдэг байна.

Энэ сарын эхээр ерөнхийлөгч Петро засгийн газрынхаа хуралдааны үеэр кокаиныг вискинээс аюул багатай зүйл, зөвхөн Латин Америкаас гаралтай болохоор л хууль бусад тооцогддог тухай ярьж байжээ.

 

Эх сурвалж: AFP