Индэр    
Өнөөдөр 8 цаг 16 минут
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ч.Лодойсамбууд намын даргынх нь өгсөн хариулт хийгээд түрүүлж дуугарсан МАН-ын гишүүд

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж, гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн тухайгаа өнгөрөгч Баасан гарагт мэдэгдсэн. 

Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг дурдахын зэрэгцээ парламентын гишүүд рүү утсаар ярьж дэмжих эсэхийг нь асууж, тэр бүрээ мэдээлнэ хэмээсэн. Түүний энэхүү саналыг хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дэмжихээ мэдэгджээ. 

Ерөнхий сайд руу хурцаар дайрсан түүний мэдэгдлийн дараагаас нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийлж эхлэв. Ерөнхийдөө МАН-ын залуу гэж хэлж болох голдуу гишүүд намын дарга, Ерөнхий сайдаа өмөөрцгөөж. 

Харин тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөр Ч.Лодойсамбуу болон түүний гаргасан саналыг дэмжсэн гишүүнд хариуцлага тооцно гэсэн байна. 

Хүний өөрийн олон хүнийг ямар нэг хэмжээгээр реакцлуулсан дээрх мэдэгдэлдээ МАН-ын хэсэг гишүүнийг "бэртэгчин" хэмээн цоллосон. Тэдгээр бэртэгчдийн нэрийг цохоогүй ч хэнийг хэлснийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Гэтэл Г.Дамдинням гишүүн "юун гуя?" гэдэг хошин шогийг амьдрал дээр тоглож үзүүлэв. 

Ийнхүү өнгөрөгч Баасан гарагт Ч.Лодойсамбуу гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаснаас хойш эрхэм гишүүд ямар авир гаргаж эхэлснийг хүргэж байна. Юуны өмнө намын даргынх нь байр суурийг товчлон хүргэв. 

Л.Гантөмөр: АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарын гишүүдэд ямар арга хэмжээ авахаа шийднэ 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгэн цагт дарга цэрэг, ах дүү шиг явсан улс зам нийлэхээ больж гэж харагдах ч улс төр гэдэг таамаглашгүй орон зай. Ямартай ч нам дотроо, өөр зуураа ойлголцох аргагүй болсон нь энэхүү үйл явдлаас харагдав. 

АН-ын дарга Л.Гантөмөр "УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй гэх утгаараа Ч.Лодойсамбуу асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж байна.

Бид дэвшүүлсэн хөтөлбөрийнхөө ард гарах учиртай. Хамтарсан Засгийн газрын "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэх гэрээг АН-ын улс төрийн зөвлөлөөр дэмжүүлж байгуулсан. Засгийн газар ямар нэгэн байдлаар салж сарних дээрээ тулбал дээрх гэрээг дүгнэнэ. Гэрээ биелээгүй тохиолдолд огцрох эсэх асуудал хөндөгдөнө. Яг үнэндээ АН засаг төрөөс зугтах, ажлаас холдох эрмэлзэл байхгүй. АН-ын байр суурь бол Засгийн газрын бат бөх байдлыг хадгалах ёстой.

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарын гишүүдэд ямар арга хэмжээ авахаа шийднэ.  

Ж.Баярмаа гишүүн Засгийн газрын бодлого шийдвэрийг олон удаа эсэргүүцэж байгаа. Хамтарч байгааг буруу гэж үздэг. Нэгэнт олонхоороо шийдсэн бол, улс төрийн нам бол шийдвэрийг хүндэтгэх учиртай. Зай гарах бүрд бодлого унагаж, миний зөв гэж боддог энэ хандлага буруу. Яагаад УИХ-д бүлэг байгаа юм, яагаад улс төрийн нам байгаа юм. Яагаад бид хөтөлбөр дэвшүүлсэн юм. Бид илүү нэгдмэл байх хэрэгтэй байна” гэлээ.

Э.Болормаа: Хэро Баатар та хоёрын хоорондох асуудал улс оронд огт хамаагүй

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Э.Болормаа Ерөнхий сайдыг хамгаалж хамгийн түрүүнд дуугарав. Уг нь Э.Болормаа Ч.Лодойсамбуу нар гишүүний үнэмлэхээ гардахын өмнө хөөрөг зөрүүлж, аюулын сайхан ярилцаад сууж байсан хоёр. Өөр нам, улс төр яалтай билээ. 

Тэрбээр "Өөрөө нэрээ зарлаад шалтгаанаа хэлчихье ээ. Гаднын захиалгатай юм шиг сонин үг хэлээр Ерөнхий сайдыг огцруулъя гэж өдөр холбогдлоо.

Эцсийн зорилго чинь юу юм бэ? гэж асуухад хариулт байгаагүй. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд ярихаас илүүтэй хувийн гомдол яриад байх шиг байх юм. Хэро Баатар та хоёрын хоорондох асуудал улс оронд огт хамаагүй.

Бид нэг парламентад хамтарч ажиллаад явна. Санал зөрөх ч үе байна, нийлэх ч үе байна. Утааны шийдэл биш хувийн улс төр хийж байгаа учир энэ удаа санал зөрлөө.

Харин УИХ дээрх утааны сонсголоор яригдсан зүйлс дээр хариуцлага тооцохыг хамт шаардацгаая Лодойсамбуу гишүүн ээ! Сая Чинбүрэн гишүүний ахалсан сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”, утааны мэдрэгчгүй байгаа 50,000 айл гэх мэт зүйл дээрээ анхаарцгаая.

Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн та газар дээрх нөхцөлтэй сайтар танилцаж ядаж яндан пийшингээ хараад асуудлаа зөв оношлоорой. Тэгж байж л шийдлээ зөв гаргана шүү дээ ангийн анд аа" гэжээ. 

О.Батнайрамдал "Лодой над руу залгах хэрэггүй" гэсэн бол Ч.Лодойсамбуу "Чам руу юу гэж залгах вэ дээ" гэдэг хариу өгөв 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Яах аргагүй Л.Оюун-Эрдэнийн хүн ийм үед даргаа өмгөөлөх нь дамжиггүй. Гэвч түүний Ерөнхий сайдыг магтан дуулсан постноос илүү доор нь бичсэн Ч.Лодойсамбуугийн коммент хүмүүст таалагдсан нь илхнээ харагдах биз ээ. 

зураг
 

О.Батнайрамдал гишүүн "Лодой над руу залгах хэрэггүй. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар болон түүний зоригтой хийж буй тэмцэл, бодлогыг тууштай дэмжинэ! ...

...Өнөөдөр бид улс төржиж хуваагдах биш, эх орон, иргэдийнхээ ирээдүйн төлөө нэгдэж, хамтдаа урагшлах ёстой! Шийдэх асуудал маш их байна" гэжээ.

Б.Уянга: Ерөнхий сайдыг огцруулахаас татгалзаж байгаагаа өөрөө урьдчилаад хэлье 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Асуудал, сэдэв болгон дээр ялгарч тодрохыг хичээдэг мэт харагддаг Б.Уянга гишүүн энэ удаад ч бусдаасаа түрүүлж дуугарч оноо авч чадав бололтой. Тэрбээр Намын жагсаалтаар сонгогдсон гишүүдээс хамгийн эхэнд намын дарга, Ерөнхий сайдынхаа талд байгаагаа илэрхийлсэн гишүүн болов.

УИХ-ын гишүүн Б.Уянга "Татгалзаж байгаагаа өөрөө урьдчилаад хэлье Ч.Лодойсамбуу гишүүн. 

Манай улсад аливаа том төсөл хөдлөхөд гаднын хөрөнгө оруулалт нэн чухал. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн их хардаг зүйл нь “Улс төрийн тогтвортой байдал”. Монгол Улсын Засгийн Газрыг богино хугацаанд олон том ажлууд амжуулсан гэж би хардаг...

...Бүтэн жил ч болоогүй байгаа Засгийн Газар өнгөрсөн хугацаанд ямар олон ажлыг хийж чадав. Цаашид энэ эрчээр нь хүлээлт үүсгэж буй том төслүүдээ, хүлээгдэж буй шийдлүүд дээрээ ажиллуулмаар байна. Өнгөрсөн хугацаанд бид хангалттай улс төржсөн шүү дээ. Одоо жаахан ажил хийцгээе ээ.

Ч.Лодойсамбуу гишүүн таны мэдэгдлийг сонссон. Төр түшиж яваа хариуцлагатай ажил хийж яваа хүн гэхэд арай л хөнгөн байна даа. Хувийн эрх ашгаа улс орны асуудлаас тусдаа байлгавал яасан юм" хэмээжээ. 

Эмгэнэл илэрхийлж эхлээд эсрэг намынхан руугаа дайрав 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийгмийн сүлжээнд "Ар гэрээ алдсан нийт хүмүүстээ гүн эмгэнэл илэрхийлье" хэмээх эхлэлтэй богино биш бичвэр оруулж. Чин сэтгэлийн эмгэнэл үү гэтэл Ерөнхий сайдаа магтахын зэрэгцээ засагт хамтарсан АН-ын сайд нарыг ажлаа хийж чаддаггүй гэжээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Ар гэрээ алдсан нийт хүмүүстээ гүн эмгэнэл илэрхийлье. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхөд эх орноосоо оргон зайлж, зугтаж байхад Ерөнхий сайд шиг нам харгалзахгүй авлигатай тэмцэж, эх орондоо авлигаас учирсан 2,200,000,000,000 төгрөгийг, түүн дундаа гадаад руу гаргасан 12,200,000 ам.долларыг эх орондоо буцаан авч ирсэн Ерөнхий сайд байгаагүй юм шүү. Түүний хийж байгаа тэмцэл, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжинэ. 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа хэвээр үргэлжлэх ёстой.

Ажлаа хийж чадахгүй, хариуцлагагүй сайд нар байгаа юу гэвэл байгаа гэж хэлнэ. Танхимынхаа эсрэг санал өгч байгаа, бодлогоо ойлгоогүй, хариуцлагаас зугтаж яваа нөхөд ч бий.

Угаарын асуудал дээр холбогдох албан тушаалтнууд бий. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдэгтэй санал нийлнэ. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсгол дээр тодорхой хэлсэн. Хяналтын түр хороо байгуулагдаж нийтээрээ бид шалгах, хянах, хариуцлага тооцох ажлыг хийх ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс хүлээх ёстой..." гэсэн байна. 

Тойргийнх нь иргэд Ц.Идэрбат гишүүнд Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж болохгүй шүү гэж захижээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ц.Идэрбат гишүүн Ерөнхий сайдтай нэг үе, нутаг нуга гэдгээрээ хамаасдаг. Тэрбээр орон нутгийн томилолтоос халуун сэтгэлийн дэмжлэгээ Ерөнхий сайдад илгээжээ. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Тойрогтоо, багаар ажиллаж явахад бүсийн иргэдээс аминчлан захиж буй гол асуудлын нэг нь монголчууд “Баялагтаа эзэн болох” чухал шийдвэрүүд гарч, том төслүүд хөдөллөө. Үүнийг авторлаж түүчээлж байгаа Ерөнхий сайдаа огцруулах бичигт хэрхэвч гарын үсэг зурж болохгүй гэх захиас юм. Уулзалт бүрд иргэд маань хатуу анхааруулж байна.

Иргэд, малчид Монголд ашигтай мега төслүүдийг гацаах гэлээ, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын том бүтээн байгуулалтыг эхлүүлэх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зогсоож төрийг үймүүлэх нь, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх гэлээ, стратегийн ордуудын 34 хувийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхэд саад хийлээ иймд та бүхэн анхаарч Ерөнхий сайдаа бат хамгаалах, урд нь зогсох учиртай гэж захилаа. Иргэдийнхээ захиас даалгаврыг биелүүлж Ерөнхий сайдаа дэмжинэ" хэмээн бичсэн байна. 

Г.Дамдинням гишүүн "Юун гуя?" гэсээр гарч ирэв

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ч.Лодойсамбуу гишүүн МАН доторх бэртэгчдийн талаар "АН өөрсдөө саналаараа Засгаас гарчхаач гэдэг саналыг МАН-ын голдуу, дараагийн Ерөнхий сайд болчих юм сан гэдэг бодолтой залуус хэлээд байгаа. Би тэр залуусыг бэртэгчин гэнэ. Өөрсдөө үйлдэл хийхгүй, хэн нэгэн үйлдэл хийхээр тэндээс ашиг хонжоо хардаг" хэмээн тодорхойлсон. Бэртэгчдийн нэрийг зарлаагүй ч тэд өөрсдөө ил гараад ирэв. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Өөрийн толгой дээрх "өлөн буг"-г харахгүй хүний толгой дээрх өвсийг шоолох гэж Монгол зүйр үг санаанд орж байна... Хаяг андуурч яваа "Бэртэгчин" гэж нэр уг нь Монголын ардчиллыг "хямдруулж" хөнжил хэсэж амь зууж яваа танай АН-ын даргад жигтэйхэн зохих нэр байна. Түүндээ хэлнэ үү дээ наад үгээ... Засагт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтарч сайн, муугаа цуг үүр! Үгүй бол халуун хөнжлөөсөө гарч сөрөг хүчнээ хийнэ үү дээ та хэд минь" гэсэн байв.