Өнгөрсөн оны есдүгээр сард Хятадын өмнөд бүсийн Шэнжэн хотод нэгэн эрэгтэй гудамжинд 10 настай япон хүүгийн амийг хутгаар хөнөөсөн хэрэг гарч байв.
Уг хэргийг үйлдсэн этгээдэд өчигдөр Хятадын шүүх цаазын ял оноожээ.
Энэ нь сүүлийн хоёр өдөр ижил төстэй хэргүүдэд өгсөн цаазын ялуудын нэг байлаа.
Зургаадугаар сард Сүжоу хотод хүүхэдтэйгээ явж байсан япон эмэгтэй рүү бас нэг хутгаар зэвсэглэсэн этгээд дайрахдаа тэднийг хамгаалсан хятад эмэгтэйн амийг хөнөөсөн юм.
Пүрэв гарагт энэ хэргийг үйлдсэн этгээд шүүхээс цаазын ял сонссон байна.
Өнгөрсөн онд Хятад даяар гадаадын иргэдийн амь насанд халдах гурван оролдлого гарсны хоёр нь Шэнжэн, Сүжоугийн хэрэг байв.
Сүжоугийн халдлагаас хэдхэн хоногийн өмнө Хятадын хойд бүсийн Жилин хотын цэцэрлэгт хүрээлэнд АНУ-ын коллежийн дөрвөн багш хутгаар зэвсэглэсэн этгээдийн халдлагад өртөн шархдаж байжээ.
Шэнжэний аллагын дараа Тошиба, Тоёота зэрэг Японы компаниуд Хятад дахь ажилтнууддаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж, Панасоник компани эх орондоо буцах хүсэлтэй ажилтнууддаа үнэ төлбөргүй нислэг санал болгож байв.
Сүжоугийн халдлагыг үйлдсэн 52 настай Жоу Жяшэн ажилгүй болж, өрөнд баригдсаныхаа дараа амьдрах хүсэлгүй болсны улмаас Япон сургуулийн гадна гэмт хэрэг үйлдсэнээ хүлээснийг Хятадын шүүх мэдээлжээ.
Түүний шүүх хуралд Шанхай дахь консулын төлөөлөгч нь оролцсоныг Японы засгийн газрын нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяаши сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Тэр бас Японы иргэдийг амь насаараа хамгаалсан Хятадын иргэн, автобусны үйлчлэгч Ху Юпинд хүндэтгэл үзүүлжээ.
Пүрэв гарагт Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ талаар товч байр суурь илэрхийлэхдээ “Хятад улс өөрийн нутагт гадаадын иргэдийн аюулгүй байдлыг үргэлж хамгаалах болно” гэж мэдэгдсэн юм.
Сүүлийн жилүүдэд Хятадад нийгмийн бухимдлаас үүдэлтэй бусдын амь насанд халдах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа.
“Нийгмээс өшөө авах” гэж нэрлэгдэх болсон ийм хэрэг 2024 онд 19 гарсан нь өмнөх оны нэг оронтой тооноос огцом өссөн үзүүлэлт байв.
Даваа гарагт Хятадын шүүх автомашинаар 35 хүнийг дайрч хөнөөсөн этгээдэд цаазын ял оноосон юм.
Нэгэн их сургуулийн гадна хутгаар найман хүний амийг хөнөөсөн этгээд өнгөрсөн сард бас цаазын ял сонсож байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!