Японы телевизийн алдартай хөтлөгчдийн нэг Масахиро Накай бэлгийн хүчирхийллийн дуулианд нэр холбогдсонтой холбоотойгоор энтертайнмент салбараас зодог тайлж байгаагаа өчигдөр зарлажээ.
Fuji телевизийг төлөөлдөг тэрбээр 2023 онд болсон ажилтнуудын оройн зоогийн үеэр нэг эмэгтэйн биед халдсан тухай дуулиан саяхан хэвлэлээр дэлгэгдсэн юм.
Энэ явдлыг мэдэж байсан Fuji телевизийн захиргаа нуун дарагдуулахыг оролдсон нь асуудлыг улам хурцатгасан байна.
Үүний улмаас Японы олон том компани Fuji телевизээс сурталчилгаагаа татжээ.
Нэгдүгээр сарын 9-нд хийсэн мэдэгдэлдээ Накай хүч хэрэглэснээ няцааж, эмэгтэйтэй тохиролцож асуудлыг хаасан тухайгаа ярьсан юм.
Гэсэн ч түүний мэдэгдэл олон нийтийн бухимдлыг намжааж чадаагүй байна.
Өчигдөр сошиал хуудсандаа Накай “Ийм олон хүнийг гомдоож, хохироосондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Ийм шалтгаанаар баяртай гэж хэлж байгаа нь үнэхээр харамсалтай” гэж бичжээ.
Хэд хоногийн өмнө Fuji телевизийн ерөнхийлөгч Коичи Минато дээрх дуулианыг анхнаас нь мэдэж байсан ч ил болголгүй нууцалж байснаа хүлээсэн юм.
Тус телевизээс зар сурталчилгаагаа татсан компаниудын дотор автомашин үйлдвэрлэгч Toyota, Nissan компаниуд, 7-Eleven жижиглэн худалдааны сүлжээг эзэмшигч Seven & I Holdings компани багтжээ.
Fuji телевизийн захиргаа Накайтай холбоотой хэргийг мөрдөн шалгах хараат бус хороо байгуулах төлөвтэй байна.
Бас хөтөлбөрүүдээсээ Накайн дүрсийг хасах арга хэмжээ авчээ.
Одоо 52 настай Накай 1990-ээд оны үед Японд төдийгүй Ази тивд алдаршиж байсан SMAP хөвгүүдийн хамтлагийн гишүүн байсан юм.
Тус хамтлаг 50 гаруй цомог гаргаснаас гадна долоо хоног тутам телевизийн шоунд оролцдог байв.
2016 онд SMAP тарсны дараа Накай телевизийн хөтлөгч болсон юм. Түүнийг Японы урлаг соёлын салбараас төрсөн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцдог.
Японы урлаг соёлын салбарт сүүлийн жилүүдэд бэлгийн гэмт хэргийн дуулиан тасрахгүй байна.
2023 онд нас бараад дөрвөн жил болж байсан J-pop урлагийн шилдэг менежэр Жонни Китагаватай холбоотой дуулиан дэгдэж байлаа.
Тэрбээр олон арван жилийн турш хэдэн зуун залуус, өсвөр насны хөвгүүдэд бэлгийн дарамт үзүүлж байсан нь илэрсэн юм.
Түүний удирддаг байсан Johnny & Associates агентлаг SMAP болон бусад олон хамтлагийг үүсгэн байгуулж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!