Галт зэвсгээр зугаацан автомашины цонхоор буудаж байгааг харуулсан дүрс бичлэг нь задарсны дараа Хорват улсын засгийн газрын шадар сайд огцрох шийдвэрээ зарлажээ.
Нийтэд ил болсон дүрс бичлэгт шадар сайд Иосип Дабро автомашины арын суудалд бусадтай ярьж, инээж, чанга хөгжмийг даган дуулж байхдаа гар буу гаргаж ирээд цонхоор шөнийн тэнгэр өөд замбараагүй буудаж байгааг харуулсан юм.
Хатуу үндсэрхэг үзэл баримтлалтай Эх Оронч Хөдөлгөөний намын сайд Дабро дээрх бичлэгийг олон жилийн өмнө үйлдэгдсэн, гар буунд сургалтын сум байсан гэж тайлбарлажээ. Бичлэг энэ долоо хоногийн эхээр олон нийтэд тарсан юм.
Гэхдээ тэр засгийн газрынхаа үйл ажиллагаанд саад учруулахгүйн тулд албан тушаалаасаа огцорч байгааг мэдэгдсэн байна.
Даброгийн холбогдсон дуулиан 2024 оны тавдугаар сард байгуулагдсан Хорватын эвслийн засгийн газрын нэр хүндийг унагах нь гарцаагүй юм.
Ерөнхий сайд Андрей Пленковичийн баруун төвийн үзэл баримтлалтай Хорватын Ардчилсан Нэгдэл нам Даброгийн намтай хамтарч, эвслийн засгийн газрыг байгуулж байв.
Тус засгийн газрын эрүүл мэндийн сайд Вили Брос өнгөрсөн арваннэгдүгээр сард авлигын хэрэгтэй холбогдон албан тушаалаасаа огцорч байжээ.
Ерөнхийдөө Хорватын улс төрийн амьдрал тогтворгүй байна.
Даваа гарагт болсон Хорватын ерөнхийлөгчийн сонгуульд өмнөх ерөнхийлөгч Зоран Миланович сонгогчдын дөрөвний гурвын саналаар дахин сонгогдсон юм. Тэрбээр эвслийн засгийн газрыг бүрдүүлэгч гол нам Хорватын Ардчилсан Нэгдэл намын нэр дэвшигч Драган Приморачийг ялжээ.
Сонгуулийн үр дүн гарсны дараа тус намын ерөнхий сайд Пленкович шинэ ерөнхийлөгчид баяр хүргэхээс татгалзсан байна.
Хорват улсад ерөнхийлөгч нь үндсэндээ бэлгэдлийн үүрэг гүйцэтгэдэг.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!