Маргааш тангараг өргөн АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч болох Дональд Трамп ажлынхаа эхний өдөр Чикаго хотод хууль бус цагаачдыг баривчлах томоохон ажиллагаа явуулахаар төлөвлөсөн талаар The Wall Street Journal холбогдох эх сурвалжуудаас уламжлан мэдээлжээ.
Мягмар гарагт эхлэх ажиллагаа долоо хоногийн турш үргэлжилж, АНУ-ын цагаачлал, гаалийн албаны (ICE) 100-200 орчим офицер оролцох гэнэ.
Энэ талаар Трампын шилжилтийн багаас тодруулахад ямар нэг тайлбар мэдээлэл өгөөгүй байна.
Харин ICE-ийн нэрээ нууцалсан албаны эх сурвалж ийм ажиллагаа зөвхөн Чикаго хотоор хязгаарлагдахгүй, орон даяар хэрэгжихийг баталжээ.
“Бид ийм ажиллагааг орон даяар хэрэгжүүлнэ. Нью-Йорк хот, Майами хотод гээд хаа сайгүй та баривчилгааг харах болно” гэж эх сурвалж ярьсан байна.
ICE үүнтэй холбогдуулан хүн хүчээ зузаатгаж байгаа гэнэ.
The Wall Street Journal сонины мэдээнд Трампын шинэ засаг захиргааны үед хилийн асуудал хариуцах Том Хоман саяхан Чикаго хотод очихдоо “ажиллагаа яг эндээс, Иллинойгийн Чикагогоос эхэлнэ” гэж ярьсныг эш татсан байна.
“Хэрвээ Чикаго хотын дарга бидэнд туслахыг хүсэхгүй бол хойш сууж болно. Гэхдээ тэр бидэнд саад учруулбал, хууль бус цагаачдыг санаатай нуун дарагдуулахыг оролдвол бид түүнийг шийтгэнэ” гэж Хоман ярьсныг гэрчүүд мэдээлжээ.
Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 5-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа амлаж байсан нэг гол зүйл нь хууль бус цагаачлалтай тэмцэх байв.
“Тангараг өргөснийхөө дөнгөж дараа бид Америкийн түүхэнд хамгийн том албадан буцаах ажиллагааг явуулах болно” гэж тэр жилийн өмнө хэлж байв.
Хууль бус цагаачлалыг зогсоохын тулд тэр хөрш орнууддаа ч шахалт үзүүлэх төлөвтэй байгаа. Баасан гарагт Мексик улсын засгийн газар өөрийнх нь нутгаар дамжин АНУ-ыг зорьдог Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын цагаачдыг зогсоох арга хэмжээгээ сунгахаар болсон байна.
Мексик улсын гадаад хэргийн сайд Хуан Рамон де ла Фуэнте бусад сайд нар, 11 мужийн захирагч нартай хоёр өдөр хаалттай хуралдсаны дараа уг шийдвэрийг гаргажээ.
Уг хуралд бас Хондурас улсын гадаад хэргийн сайд оролцсон байна.
Үүнээс өмнө зохион байгуулагдсан бүс нутгийн уулзалтуудад Колумб, Куба, Гватемал, Хаити, Венесуэл, Бразил, Белиз, Коста Рика, Эль Сальвадор улсуудын төлөөлөгчид оролцож байжээ.
Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Мексикийн засгийн газар бүс нутгийн 20 гаруй улстай хууль бус цагаачлалыг зогсооход хамтран ажиллаж, зөвхөн 2024 онд $108 саяыг энэ санаачилгад зарцуулсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!