1988 онд олон мянган хүнд цаазын ял оноох шийдвэр гаргаж байсан Ираны хатуу чиг шугам баримтлагч хоёр шүүгчийг өчигдөр нэгэн зэвсэглэсэн этгээд ажлын байранд нь буудан хөнөөжээ.
Ираны дээд шүүхийн шүүгч байсан Мохаммад Могэйсех, Али Разини нарын аллагыг захиалснаа одоогоор аль нэг байгууллага зарлаагүй байна.
1988 оны цаазын ажиллагаатай холбоотойгоор 1999 онд бас Разинигийн аминд халдах оролдлого гарч байжээ.
Энэ удаагийн аллагын үеэр нэг шүүгчийнх нь бие хамгаалагч шархадсан гэнэ. Гар буугаар зэвсэглэсэн алуурчин дараа нь өөрийнхөө амийг хөнөөсөн байна.
“Урьдчилсан шалгалтаар халдлага үйлдэгч этгээд нь дээд шүүх дээр үүсгэсэн хэрэггүй, мөн тус шүүхийн аль нэг салбар нэгжийн үйлчлүүлэгч байгаагүй нь тогтоогдлоо. Уг террорист ажиллагааг захиалсан этгээдүүдийг илрүүлэх ажил үргэлжилж байна” гэж Ираны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Сүүлд шүүхийн өөр нэг сурвалж Ираны төв телевизээр ярихдаа халдлага үйлдэгч нь дээд шүүхэд ажилд орсон нэгэн байсныг баталсан байна. Өөрөөр хэлбэл тэр аллага үйлдэх зорилгоор дээд шүүхэд эртнээс нэвтэрсэн хүн байсан бололтой.
Бусад улс орнуудын дээд шүүхээс ялгаатай нь Ираны дээд шүүх орон даяар салбартай байдаг бөгөөд доод шатны шүүхийн гаргасан шийдвэрийг нягтлах үүрэгтэй ажилладаг.
1999 оны нэгдүгээр сард Тегераны гудамжинд Разинигийн зорчиж байсан автомашин руу мотоциклтэй этгээд тэсрэх бөмбөг шидсэний улмаас шархдаж байжээ.
Шүүгч Могэйсех нь 2019 оноос хойш АНУ-ын сангийн яамны хар жагсаалтад байсан хүн юм.
Түүнийг Тегераны дэглэмийг шүүмжлэгчдийг “шударга бусаар шүүдэг” гэсэн үндэслэлээр уг жагсаалтад оруулж байжээ.
Иран-Иракийн олон жил үргэлжилсэн дайн 1988 онд дуусах үеэр Тегераны эрх баригчид өөрийн шоронд хоригдож байсан сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлийн гишүүдийг бөөнөөр цаазалсан юм.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ үеэр 5,000 орчим хүнийг цаазалсан гэж үздэг. Харин Ираны дэглэмийн эсрэг тэмцэгч Мужахедин-э-Халк (МЭК) бүлэглэл 30,000 орчим хүнийг цаазалсан гэж үздэг байна.
Тухайн үеийн шашны дээд удирдагч байсан Рухолла Хомейнигийн тушаалаар хэрэгжсэн гэгддэг уг цаазын ажиллагааг Ираны эрх баригчид хэзээ ч бүрэн хүлээн зөвшөөрч байгаагүй юм.
Цаазын шийдвэрийг гаргасан “үхлийн хороо” гэгчид сая алагдсан хоёр шүүгч багтаж байжээ.
2017 онд Ираны сонинд өгсөн ярилцлагадаа шүүгч Разини 1988 оны шийдвэрээ хамгаалж байсан юм.
“Улс орны шилдэг 20 шүүгчийн тоонд багтсан би болон миний найз нөхөд тэр үед үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд чадах бүхнээ хийсэн бөгөөд түүнээс хойших он жилүүдэд хоёр нүүртнүүд (МЭК) дахин энэ улсад хэзээ ч хүчирхэгжиж чадахгүй болох нөхцөлийг баталгаажуулсан юм” гэж тэр ярьж байжээ. Нөгөө шүүгч Могэйсех нь 1988 оны үйл явдалд оролцсон талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт ярьж байгаагүй юм байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!