Уншиж байна ...

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгсжээ

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгсжээ. 

Завхан аймгийн Түдэвтэй суманд 1942 онд төрсөн тэрээр 1992-1997 оны хооронд төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байв. 

П.Очирбат нь 1951-1960 онд Завхан аймгийн дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсжээ. 

Тэрээр 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны гуравдугаар сараас 1990 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байв. 

Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсны дараагаас буюу 1997 оны наймдугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн даргаар ажиллахын зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн, "Энержи ресурс" компанийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.