Уншиж байна ...

Навальный агсны захиаг дамжуулсан өмгөөлөгчид Оросын шүүхээс хорих ял сонслоо

Т.Давааням, ikon.mn
1 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный алс Умард Туйлын бүсэд оршдог чанга дэглэмтэй шоронд хоригдож байхдаа учир битүүлэг шалтгаанаар нас барсан билээ.

Тэрбээр экстремист үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр тухайн үед 19 жилийн хорих ял эдэлж байсан юм.

Тэгвэл өчигдөр Москва хотоос зүүн зүгт оршдог Петушки хотод болсон хаалттай шүүх хурлаас Навальный агсны өмгөөлөгч Игорь Сергунин, Алексей Липстер, Вадим Кобзев нарт тус бүр 3.5, 5, 5.5 жилийн хорих ял оноожээ.

Тэднийг статусаа ашиглан Навальный агсны захиаг шоронгоос хамтрагчдад нь дамжуулах үүрэг гүйцэтгэж байсан, үүний үр дүнд экстремист байгууллагын үйл ажиллагаа үргэлжлэх боломж хангагдсан гэж прокурорууд дүгнэсэн байна.

Шоронгийн хашаанд салхилсны дараа Навальныйн бие гэнэт муудаж, удалгүй нас барсныг шоронгийн захиргаа мэдээлж байв.

Кремлийн эрх баригчид түүний үхэлд оролцоогүйгээ мэдэгдсэн ч Өрнөдийн орнууд Путинийг сэжиглэж байсан юм.

“Өмгөөлөгч, хуульчдыг зөвхөн ажлаа гүйцэтгэснийх нь төлөө шийтгэсэн нь шүүхийн тогтолцоог улс төрийн зорилгоор урвуулан ашигласан жигшүүртэй хэрэг боллоо” гэж Эмнести Интернэйшнл байгууллага өчигдөр мэдэгдээд тэднийг ямар нэг болзол нөхцөлгүйгээр суллахыг Оросын эрх баригчдад уриалжээ.

АНУ-ын төрийн департамент бас ижил утгатай мэдэгдэл гаргаж, шүүхийн шийдвэрт харамсал илэрхийлсэн байна.

Навальный агсны өмгөөлөгчдийг 2023 оны аравдугаар сард экстремист байгууллагын үйл ажиллагаанд оролцсон үндэслэлээр баривчилж байжээ.

Экстремист байгууллага гэдэг нь Навальный агсны Авлигатай Тэмцэх Санг хэлж байгаа юм.

Навальныйг нас барсны дараа Оросын эрх баригчид түүний хамтрагчдыг гэсгээн шийтгэх ажлыг эхлүүлээд байгаа.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Навальный агсны YouTube сувгийн агуулгыг бүтээдэг байсан сэтгүүлчид болох Константин Габов, Сергей Карелин нар шүүхээс ял сонсож байв.

Баасан гарагт Навальный агсны бэлэвсэн гэргий Юлия Навальная улс төрийн хоригдол болсон өмгөөлөгчдийг нэн даруй суллахыг уриалжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Путиний хамгийн том өрсөлдөгчид тооцогддог байсан Алексей Навальный химийн зэвсгийн зориулалттай новичок бодист хордсоныхоо дараа Германд эмчлүүлж байгаад 2021 онд эх орондоо буцаж ирээд баривчлагдсан юм.

 

Эх сурвалж: CNN