Германы өндөр хурдны галт тэрэгний гадна талд зүүгдэж явсан хүн эсэн мэнд үлдсэн ховор тохиолдлын талаар цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.
40 настай эрэгтэй Мюнхенээс Нюрнбергийн чиглэлийн галт тэрэгт зорчиж явахдаа Инголштадт өртөөнд зогсох үеэр тамхилахаар түр буусан байна.
Гэвч тэр хэтэрхий удсан тул галт тэрэгний хаалга хаагдаж, цааш хөдөлжээ.
Энэ үеэр эрэгтэй хоёр вагоны завсар хэсэгт үсэрч зүүгдээд 282 км/цаг хурдаар 30 км хол аялсан байна.
Гэрчүүд энэ талаар цагдаад мэдээлсний дараа галт тэргийг Дээд Бавари мужийн Киндин өртөөнд зогсоожээ.
Зорчигч эрэгтэй Унгарын иргэн байсан бөгөөд галт тэрэгт үлдээсэн цүнхнээсээ салахгүйн тулд ийм үйлдэл гаргаснаа цагдаа нарт мэдүүлсэн байна.
Тэрбээр ямар ч гэмтэл бэртэлгүй эсэн мэнд үлдсэн нь цагдаа нарыг гайхшируулжээ.
Уг зорчигчид “зам тээврийн үйл ажиллагаанд саад учруулсан” үндэслэлээр захиргааны хариуцлага тооцохоор болсон байна.
Болсон явдалтай холбогдуулан Германы холбооны цагдаагийн газар галт тэргэнд эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байхыг нийт зорчигчдод анхааруулжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!