Франц улсын дээд шүүх өчигдөр тус улсын ерөнхийлөгч асан Николас Саркозигийн авлига, албан тушаалын хэрэгт оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
2021 онд шүүх түүнд гурван жилийн хорих ял оноосныг дээд шүүхэд давж заалдаад байсан юм.
Шүүхээс Саркозид оноосон гурван жилийн хорих ялын хоёр жилийг түдгэлзүүлсэн бөгөөд үлдсэн нэг жилийн хугацаанд шоронд хорихын оронд цахим гав зүүлгэхээр шийджээ.
Дээд шүүхийн шийдвэрийг экс ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөлгүй, Европын хүний эрхийн шүүхэд давж заалдахаар болсныг өмгөөлөгч Патрис Спинози өчигдөр мэдэгдсэн байна.
“Европын хүний эрхийн шүүхэд давж заалдсанаар Франц улс буруудах нь тодорхой. Би өөрийн гэм буруугүйг дахин баталж байна” гэж Саркози сошиал хуудсандаа бичжээ.
Саркози хэдийгээр хуулийн бүх арга хэрэгслийг ашиглан гэм буруугүйгээ нотлохын төлөө цаашид тэмцэх ч шийдвэрийн дагуу цахим гавыг зүүх болсныг Спинози баталсан байна.
Энэ нь аль нэг улсын төрийн тэргүүн байсан хүнд цахим гав зүүлгэсэн анхны тохиолдол байж болзошгүйг тэр бас хэлжээ.
2012 онд ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа Саркози 2007 оны сонгуулийн кампанит ажлын санхүүжилттэй холбоотой хэрэгт шалгагдаж эхэлсэн юм.
Энэ шалгалтын явцад шүүгчид авлига өгөхийг завдсан, албан тушаалын нөлөөгөө ашиглан ял тохиролцохыг оролдсон зэрэг хэрэгт Саркози буруудаад байгаа.
2007 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө тэр Францын L’Oreal компанийн өв залгамжлагч Лилиан Беттенкуртээс хууль бус мөнгө авч ашигласан нь тогтоогдсон юм.
Бас хэргийг нь шалгаж буй доод шатны шүүхийн шүүгчээр өөртөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд Монакод хаших албан тушаал амлаж байжээ. Саркозигийн саналыг хүлээж авсан шүүгч Гилберт Азиберт шийтгүүлсэн юм.
Саркози бас 2007 оны сонгуульд Ливийн дарангуйлагч агснаас санхүүжилт авсан өөр нэг хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд шүүх хурал нь ирэх онд болно.
Хэрвээ буруутай нь тогтоогдвол тэр 10 жил хүртэл хугацаагаар шоронд хоригдох боломжтой юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!