Уншиж байна ...
Зураг
Зураг

Дэлхийн анхны халуун цөмийн цахилгаан станцыг АНУ-д байгуулахаар шав тавьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2030-аад оны эхээр сүлжээнд эрчим хүч нийлүүлэх түвшний дэлхийн анхны халуун цөмийн цахилгаан станцыг ажиллуулж эхлэхээр болсноо АНУ-ын Commonwealth Fusion Systems (CFS) стартап компани өчигдөр зарлажээ.

Энэ чиглэлд тэргүүлэгчдийн нэг CFS нь АНУ-ын Виржиниа мужийн Ричмонд хотын ойролцоо шинэ станцаа байгуулахаар болж, олон тэрбумын хөрөнгө оруулалт төлөвлөсөн байна.

Станц ашиглалтад орсны дараа түгээх сүлжээнд 400 мегаватт буюу 150,000 өрхийг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлэх тухай CFS компанийн гүйцэтгэх захирал Боб Мумгард мэдээлжээ.

“Энэ бол түгээх сүлжээнд үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэх хэмжээний дэлхийн анхны халуун цөмийн цахилгаан станц болох юм” гэж тэр хэлсэн байна.

Виржиниа мужийн захирагч Глэн Янкин дээрх мэдээг талархан хүлээж авснаа илэрхийлээд “Виржиниад болон дэлхий дахинд түүхэн үйл явдал” гэж тодорхойлжээ.

Нар болон оддын эрчим хүчний эх үүсвэр болдог халуун цөмийн урвалыг хүмүүсийн хэрэглээнд ашиглах оролдлого шинэ үе шатанд хүрснийг энэ үйл явдал харуулж байна.

Гэхдээ технологи нь найдвартай ажиллах бүрэн баталгаагүй тул CFS компанийн зарласан төлөвлөгөө хэрэгжихэд тийм амар байхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Хүн төрөлхтөн өнөөдөр чулуужсан түлшийг орлох эрчим хүчний найдвартай, цэвэр эх үүсвэрийн эрэл хайгуулыг явуулж байна.

Халуун цөмийн урвал нь орчлон ертөнцийн хамгийн түгээмэл элемент болох устөрөгчийг ашиглаж, атомуудыг хооронд нь нэгтгэх замаар бараг хязгааргүй хэмжээний эрчим хүч гаргах арга юм.

Өнөөдөр түгээмэл ашиглаж буй цөмийн цахилгаан станц нь эсрэгээрээ атомыг хуваах зарчмаар эрчим хүч үйлдвэрлэдэг.

Гэхдээ ийм станцуудын түлшний хаягдал урт хугацаанд үргэлжлэх аюул эрсдэл дагуулдаг.

Харин халуун цөмийн станцуудаас ямар ч хаягдал гарахгүй бөгөөд хүлэмжийн хий ялгаруулдаггүйгээрээ давуу талтай.

CFS нь 2018 онд Массачусетсын Технологийн Их сургуулиас үүссэн компани бөгөөд өнөөдрийг хүртэл $2 тэрбумын хөрөнгө оруулалт босгож, технологи нь хурдтай хөгжиж байгаа.

Тус компани анхны станцаа байгуулах газрыг сонгохоор дэлхий даяар 100 орчим газрыг судалсны эцэст Виржиниа муж дахь Жэймс Риверийн Аж Үйлдвэрийн төвийг сонгожээ.

Энэ төвийг Dominion Energy компани эзэмшдэг бөгөөд талбайгаа CFS компанид түрээслүүлж, техникийн туслалцаа үзүүлэхээр болсон байна.

“2030-аад оны эхээр бүх анхаарлын төвд Ричмонд байх болно. Энэ газар арилжааны зориулалттай халуун цөмийн анхны станцын төрсөн нутаг болох болно” гэж Мумгард мэдэгджээ.

Виржиниа бол дэлхийн хамгийн том дата төвийн зах зээл бөгөөд энэ нь асар их эрчим хүч шаарддаг салбар юм.

АНУ-ын дата төвийн эрчим хүчний хэрэглээ 2030 онд одоогийнхоосоо гурав дахин өсөж, 40 сая өрхийн хэрэглээтэй тэнцэхийг Boston Consulting Group тооцоолсон байдаг.

 

Эх сурвалж: CNN