"Нийгмийн сэтгэлзүйн тулгамдаж буй асуудал" үндэсний зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд болсон. Энэ үеэр илтгэл тавьсан судлаачдын илтгэлээс Улсын их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
“Когнос Интернэйшнл” ХХК-ийн захирал, судлаач Ө.Эрдэнэчимэг “Өсвөр үе, залуусын эрүүл мэнд, зан үйлийн судалгааны тайлан” сэдвээр илтгэл тавьсан байна.
Тус компани судалгаандаа Монгол Улсын дөрвөн бүсийг төлөөлүүлэн Ховд, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймгууд, нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 15-24 насны хүүхэд, залуусыг хамруулжээ.
Судалгаанд оролцогсдын өөрийгөө үнэлэх үнэлэмж дунджаас дээгүүр түвшинд гарсан боловч 33.4 хувь нь амиа хорлох тухай бодож үзсэн ба 34.3 хувь нь амиа хорлохыг оролдсон байна.
Хөдөө суманд амьдардаг өсвөр насны охид сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаараа бараг ярилцдаггүй, зарим охид төрсөн эгч, итгэж болох найзтай байсан бол ярих байсан ч найзууд нь хэлсэн зүйлсийг нь цааш ярьдаг тул нууцаа дэлгэхийг хүсдэггүй гэжээ.
Дараагийн илтгэлийг "Залуус болон насанд хүрэгчдийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлын" талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн дэд профессор, доктор Д.Оюунсүрэн тавьж дараах зүйлсийг онцолсон байна.
Тэрбээр, сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллийн 1800-2000 дугаарын утсанд ирсэн дуудлагад хийсэн дүн шинжилгээг танилцуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!