Ням гарагт босогчид Сирийн нийслэл Дамаск хотыг эзэлснээс хойш хэдэн цагийн дараа тус улсын ерөнхийлөгч Башар аль Ассад гэр бүлийн хамт Москвад дүрвэж ирснийг Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Ингэснээр Сири улсад Ассадын гэр бүлийн 50 орчим жил үргэлжилсэн дэглэм нуран унаж байна.
Ассад болон түүний гэр бүлд ОХУ-ын эрх баригчид оршин суух эрх олгосноос гадна Сири дэх Оросын цэргийн бааз, дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хангах асуудлаар босогчидтой тохиролцсон тухай РИА агентлаг мэдээлжээ.
Сирийн босогчдын зэвсэгт бүлэглэлүүд арав гаруй хоногийн дотор маш хурдтайгаар Ассадын дэглэмийг унагасан нь гайхмаар үйл явдал болж байна.
Одоо тус улсын ирээдүй хаашаа эргэх, нийт Ойрх Дорнодын бүс нутгийн хүчний харьцаа яаж өөрчлөгдөх нь анхаарал татаж байна.
Орос улс Сирийн асуудлаар НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулах санал гаргасныг тус улсын НҮБ дахь суурин төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский сошиал хуудсаараа мэдээлжээ.
Ням гарагийн өглөө баярлаж хөөрсөн иргэд 2011 оны Арабын хувьсгалын үеийн Сирийн хувьсгалын туг далбааг мандуулан Дамаск хотын гудамж талбайд цугларсан байна.
Зарим нь Ассадын ордон, амьдарч байсан өргөө рүү дайран оржээ.
Сирийн босогчдыг тэргүүлсэн Хаяат Тахрир аль-Шам (ХТШ) зэвсэгт бүлгийн командлагч Абу Мохаммед аль-Голани олон ургалч үзэл, шашны хүлцэнгүй байдлыг хүлээн зөвшөөрч, улс орны ирээдүйг тодорхойлоход бэлэн байгаагаа зарласан байна.
ХТШ өмнө нь Аль-Кайда террорист байгууллагын Сири дэх салбар гэгдэж байснаа хэдэн жилийн өмнө харилцаагаа тасалсан гэдэг.
Босогчид Дамаск хотод нэвтэрсний дараа хамгийн түрүүнд Умаяадын хийдэд зочилсон Голани дэглэмийн уналтыг “Исламын үндэстний ялалт” гэж нэрлэсэн юм.
Тэрбээр бас Ассадын дэглэм Сири улсыг “Ираны шуналын ферм” болгосон гэж шүүмжилжээ.
Гэхдээ тэд олон зэвсэгт бүлэглэлүүдийн дунд хуваагдсан улс орныг нэгтгэх хүнд даалгавартай тулгарч байна.
Одоо Сирийн хойд хэсэгт Туркийн дэмжлэгтэй бүлэглэлүүд АНУ-ын дэмждэг Курдын дайчидтай тулалдаж, Исламын Улс бүлэглэлийн үлдэгдэл зарим алслагдсан бүс нутагт идэвхтэй хэвээр байгаа.
Ням гарагт босогчид хатуу чанга нөхцөлтэйгөөрөө алдартай Сайднаяа шоронгоос олон мянган хоригдлыг суллаж, Дамаск хотод 16:00-5:00 цагийн хооронд хөл хорио тогтоосон байна.
Сүүлд босогчдын командлагчдын нэг Анас Салхади телевизээр үг хэлэхдээ шашны болон үндэсний цөөнхүүдэд ялгавартай хандахгүйгээ амлажээ.
“Сири бол хэнийг ч ялгахгүй, бүгдэд ижил тэгш улс. Сири бол Друз, Суннит, Алавит зэрэг бүх шашны урсгалуудад нээлттэй орон. Бид хүмүүстэй Ассадын гэр бүл хэрхэн харьцаж байсан шиг харьцахгүй” гэж тэр мэдэгдсэн юм.
Сирийн ерөнхий сайд Мохаммед Гази Жалали түүний засгийн газар босогчидтой хамтран ажиллаж, эрх мэдлийг шилжүүлэхэд бэлэн байгаагаа зарлажээ.
2011 онд эхэлсэн бослогын дараа Сирид иргэний дайн дэгдэж байв.
Өнгөрсөн хугацаанд Ассадын дэглэм Орос, Иран улсуудын дэмжлэгтэй оршин тогтнож байсан.
Сүүлийн жилүүдэд Израильтай үүсгэсэн сөргөлдөөний улмаас Ираны хүч нөлөө буурч, Орос улс Украины дайнд хүчээ төвлөрүүлэх болсон нь Ассадыг унагах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Ираны гадаад хэргийн яам Сирийн ард түмэн өөрийн ирээдүйг гадаадын хүчнүүдийн оролцоогүйгээр шийдэх ёстойг өчигдөр мэдэгджээ.
Тус улсын дипломатууд Дамаск дахь элчин сайдын яамаа орхин явсан байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!