Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн бариад буй. Дахин өргөн барьсан төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар 2025 оны төсвийн тухай хуулийг дахин боловсруулж, өргөн барилаа. Ингэхдээ УИХ-ын хэлэлцүүлгийн үед болон Ерөнхийлөгчийн хоригт дурдагдсан шаардлагуудыг хангаж өөрчилсөн.
Хуулиар төсөв хоёр хувийн алдагдалтай байж болно гэж заасан байдаг. Тэгвэл есдүгээр сарын 1-нд өргөн баригдсан төсвийн алдагдал нь 1.9 их наяд төгрөг юм. Алдагдалгүй төсөв болгохын тулд 1.9 их наяд төгрөгийг хасах хэрэгтэй болсон. Ингэхийн тулд урсгал зардал, хөрөнгө оруулалт, орлогоос хасах шаардлагатай болсон.
Зарлага талдаа 2.3 их наяд төгрөгийн зардал хасах шаардлага гарч ирж байна.
Орлого талдаа 394 тэрбум төгрөгөөр буурна. Үүнд гаалийн орлого 174 тэрбум, НДШ, ЭМД 25 тэрбум гэхчлэн багтсан байна.
Зардал талд урсгал зардлыг 700 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 800 тэрбум, гадаад зээлийн ашиглалтыг 700 тэрбум төгрөгөөр буюу нийт 2.3 тэрбум төгрөгөөр танана.
Танаж болох хасалтууд нь бүгд хууль тогтоомжийн заалттай. Жишээ нь, соёлын ваучер нь хуулийн заалттай. Үүнийг хасахын тулд тухайн хуульд нь өөрчлөлт оруулна. Зардал танахын тулд 10-аад хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан.
Мөн Төрийн хэмнэлтийн хуульд нэлээд өөрчлөлт оруулна. Жишээ нь, төрийн айлчлалд явах, хүлээж авах зардлыг 50 хувиар хасах, яамдын гадаад томилолтын зардлыг 50 хувиар хасах зэрэг өөрчлөлтийг Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмж оруулна. Нэг үгээр Төрийн хэмнэлтийн хуулийг чангаруулна.
Ингээд дээр дурдсанчлан 26 их наядын урсгал зардлаас 18 их наядыг хасах боломжгүй. Харин үлдсэн 9 их наядын урсгал зардлаас жигд 10 хувийг хасах тооцоолол хийсэн. Аль нэг салбарыг сугалж хасалт хийх боломжгүй учир жигд 10 хувийн таналт хийнэ.
Энэ жилийн хөрөнгө оруулалт 10 орчим их наяд төгрөг байгаа. Үүнийг 4 их наядыг нь улсын төсвөөс хөрөнгө оруулж байгаа. Харин гадаад зээлийн ашиглалт 2.2 их наяд бол үүнээс гадна 400 тэрбум төгрөгийн гадаад зээлийн тусламж байна. Энэ нь тусламж учраас өрөнд нөлөөлдөггүй.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтад талдаа зохицуулалт хийхээс өөр аргагүй. Ингэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 4 их наяд төгрөгөөс 838 тэрбумыг, гадаад зээлийн ашиглалтын 2.2 их наядаас 660 тэрбумыг бууруулсан.
Гадаад зээлийн ашиглалт гэдэгт цэвэрлэх байгууламж гэдэг ч юм уу хүлээгдэж байгаа гадаад зээлээр санхүүжүүлэх томоохон төслүүд багтаж байгаа. Эдгээр төслүүдийн ашиглалтад орох байсан ч санхүүжих дүн нь багассанаар хугацаа нь хойшилно гэсэн үг.
Шилжиж байгаа төслүүд, эрчим хүч төслүүдийн хөндөхгүй. Харин бүсчилсэн хөгжлийн төслүүдийг дахин эрэмбэлсэн. Өөрөөр хэлбэл бүсчилсэн хөгжлийн 38 шинэ төслөөс 10-ыг нь хойшлуулсан. Ингэснээр дүн нь 502 тэрбум төгрөгөөр багасна.
Харин энэ дээр нэмэгдэж байгаа ганц төсөв нь Хавдрын эмнэлэг барих төсөв. Хавдрын эмнэлгийн их засвар болон Хавдрын эмнэлэг шинээр барихад 7.9 төгрөг төсөвлөсөн.
Хавдрын эмнэлэг гэдэг шинэ төсөл гараанаас гарч байгаа энэ юм. Одоо барилгын зураг нь хийгдэж байгаа. Хэд болохыг мэдэхгүй байна.
Үндсэндээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 846.6 тэрбумыг хасаж, 7.9 тэрбумыг шинээр нэмсэн.
Мөн хиймэл дагуулын төслийг хойшлуулсан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!