Хавдрын эмнэлгийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах байр суурийг хэллээ.
Энэ талаар хэлэхдээ "Хавдрын эмнэлэг барьж байгуулах нь зүйтэй гэх саналыг УИХ-ын бүх гишүүн дэмжиж байгаа.
Тендер, зураг төслийн шалгаруулалт нь явагдаж, төсөв нь ирэх оны зургаадугаар сарын 30-нд дуусахаар байна.
Хавдар Судлалын Үндэсний Төв II-ын барилга нийт 95,000 орчим метр квадрат талбайтай бөгөөд эхний тооцооллоор өртөг нь 400 орчим тэрбум болох болов уу.
ХСҮТ II-ын төвлөрлийг илүү сааруулах талаасаа Улаанбаатар хотын баруун зүгт Сонгинохайрхан дүүрэгт байрлуулах нь зүйтэй хэмээн ярилцаж байна.
Барилга байгуулах 10 га газрын асуудал шийдэгдсэн, зураг төслийнх нь ажил эхэлсэн. Барилгыг эхлүүлэх эхний ээлжийн төсөв мөнгийг шийдүүлж, 7.9 тэрбумыг ирэх оны төсөвт тусгасан байдлаар өргөн барьж байгаа.
Хамгийн богино хугацааг бодоход энэ барилга 3-4 жил баригдах болов уу. Нэг төв байгуулаад тэндээ улс даяар ирж бөөгнөрч эмчилгээ, үйлчилгээ авдаг тогтолцооноос салах ёстой.
Аймаг, орон нутгуудад хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Энэ чиглэлд техник, тоног төхөөрөмжөөр хангах 45 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт суулгаж өгсөн байгаа.
Цаашдаа барилга байгууламж худалдаж авах гэхээсээ илүү аймаг, дүүрэгтээ тусламж үйлчилгээгээ өргөжүүлье" хэмээв.
Үргэлжлүүлэн "Дөрөвдүгээр эмнэлэг Хөгжлийн Банкны барьцаанд хураагдчихсан. Одоогийн байдлаар Хөгжлийн Банкны өмч биш, Дөрөвдүгээр эмнэлгийн өмч ч биш.
Энэ барилгыг барьсан компани нь 40 орчим тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн Банкнаас авсан.
Өөрөөр хэлбэл санхүү, түрээс мөнгөний асуудал их байгаа учраас улс, эрүүл мэндийн салбар одоогоор худалдаж авах боломжгүй байна. Үнэлгээнээс нь авхуулаад асуудалтай зүйлс их. Иймд хавдрын эмнэлгийн зориулалтаар худалдаж авах боломжгүй гэж үзсэн.
Цаашид яаж ард иргэдээ хавдар тусгахгүй байлгах вэ гэдэг бодлого чухал. Мөн
Өнөөдөр ХСҮТ дээр орон нутгаас ирээд эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь тухайн амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын эмчилгээгээ хийлгэх боломжийг бүрдүүлье.
Ард иргэдийнхээ амь насыг аврах боломж бололцоо байгаа. Шинэ эмнэлэг баригдсанаар аврагдана гэж ойлгож огт болохгүй.
Хорт хавдар гэхэд жилийн дотор тохиолдлын тоо 16 хувиар нэмэгдэж байна шүү дээ. Үүсгэж байгаа шалтгаануудаа арилгах бодлого руугаа сайн анхаарах ёстой.
Утаа хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй нь угаас ойлгомжтой. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг ярих гэж байгаа бол утаанаасаа салах нь зөв.
Монгол улсын хэмжээнд нийт иргэд эрүүл байх боломжтой үзүүлэлт нь зургаан хувь байгаа талаарх судалгаа хүртэл бий. Үүнд амьдарч буй орчин, идэж байгаа хоол зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!