Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын эрх баригчид түүхэндээ 17 удаа цэргийн дэглэм тогтоож байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагийн шөнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл улс орондоо онц байдлын дэглэм тогтоосон нь зургаан цаг орчим үргэлжлээд цуцлагдсан билээ.

Энэ нь 1948 онд үүсгэн байгуулагдсан тус улсын хувьд 17 дахь тохиолдол юм байна.

Гэхдээ өмнөх бүх тохиолдол 1981 оноос өмнө хэрэгжиж байжээ. 1981 онд тус улсын парламент ерөнхийлөгч дангаараа онц байдлын дэглэм тогтоохыг хориглосон хууль баталсан юм байна.

Энэ хуулийн ачаар өчигдөр Юн Сүк Ёлын богино настай дэглэм цуцлагдсан юм.

Өмнөд Солонгост тогтож байсан ихэнх дэглэм үндэсний хэмжээний хямралыг шийдвэрлэх гэхээсээ илүү хэн нэгний улс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлж, хүчирхэгжүүлэх зорилготой байв.

Хамгийн анх 1948 онд тус улсын анхны засгийн газар байгуулагдсанаас хойш ердөө хоёр сарын дараа ерөнхийлөгч Синман Ри онц байдлын дэглэмийг Жэжү аралд тогтоосон юм.

Энэ нь тухайн оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Жэжү аралд гарсан иргэдийн бослогыг дарах тушаалыг биелүүлэхээс татгалзсан армийн 14 дүгээр ангид гарсан зэвсэгт бослогыг дарах зорилготой байжээ.

Тухайн үед Жэжүд гарсан бослогод оролцсон олон энгийн иргэнийг цэргийнхэн “коммунист” гэсэн үндэслэлээр хядаж байсан юм.

Ерөнхийлөгч Ри өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 10 удаа онц байдал зарлаж байсны хамгийн сүүлийнх нь 1960 оны дөрөвдүгээр сард гарсан оюутнуудын бослогыг дарах зорилготой байжээ.

Тэр энэ бослогын улмаас огцорч, эх орноосоо дүрвэсэн юм.

Дараа нь 1961 онд төрийн эргэлтээр эрх мэдлийг булааж авахдаа генерал Пак Чун Хи тус улсын түүхэнд 11 дэх онц байдлыг зарлаж байжээ.

Түүний дэглэмийн жилүүдэд нийт дөрвөн удаа онц байдал зарласан нь бүгд ард түмний эсэргүүцэл тэмцлийг дарах зорилготой байлаа.

1979 оны аравдугаар сарын 26-нд генерал Пак алагдсаны дараа Жэжү арлыг оролцуулалгүйгээр орон даяар онц байдал тогтоож байжээ.

Энэ дэглэм нийтдээ 440 хоног үргэлжилж, 1981 оны нэгдүгээр сард өндөрлөсөн юм. Үүний дараа өөр нэг цэргийн дарангуйлагч Чун Ду Хваны гарт Өмнөд Солонгосын төрийн эрх мэдэл бүрэн шилжиж байв.

Генерал Пак Чун Хийг алагдсаны дараа зарласан онц байдлыг  Чун Ду Хван 1980 оны тавдугаар сарын 17-нд сунгасан нь Гванжугийн ардчиллын төлөө тэмцлийг нухчин дарах зорилготой байжээ.

 

Эх сурвалж: Korea Times