Уншиж байна ...

"Технологи ашиглан үйлдэгдэж байгаа хүчирхийллийн талаар баримттай мэдээлэл авахын тулд суурь судалгаа хийх шаардлагатай"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 25 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүлснээ албан ёсоор зарлаж Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Энэ удаагийн аяныг "Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй - Шалтаг бүү тооч" уриан дор үндэсний хэмжээнд хийж байгаа юм.

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг олон улсад жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд тэмдэглэдэг. Манай улс 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ)-өөс анх энэ аяныг зохион байгуулсан түүхтэй.

Энэ хүрээнд өнгөрсөн Баасан гарагт НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-той хамтран "Жендэрт суурилан хүчирхийллийн үндэсний судалгааны эрсдэлийн хүчин зүйлсийн шинжилгээ" уулзалтыг явуулсан билээ.

Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтыг судлах үндэсний хэмжээний анхны судалгааг 2017 онд зохион байгуулсан. Энэ судалгаанд суурилсан гүнзгийрүүлсэн тоон баримтыг өнгөрсөн жил хэвлүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр "Дижитал эрин зуунд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" хэлэлцүүлэг боллоо.

Уг хэлэлцүүлэгт Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Азийн сангийн судлаач Л.Ариунзул, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүн Т.Андир, Канад болон Их Британийн Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцсон юм. 

Жендэрт суурилсан хүчирхийллийг тандах судалгааг 7-10 жилд нэг удаа шинэчилдэг. Манай улсад өмнө нь төрийн оролцоо, дэмжлэгээр эхний тандалтыг 2017 онд зохион байгуулж байв. Үүгээр судалсан 38 болзошгүй эрсдэлийн хүчин зүйлээс 15 нь дотно хамтрагчийн зүгээс үйлдэгддэг өндөр тархалттай байгааг харуулжээ.

Тодруулбал зургаан эрсдэлийн хүчин зүйл нь боловсролын түвшин доогуур, ажилгүй, ээж нь зодуулдаг байсан гэрт өссөн, хамтрагчийн шинж чанараар бүлэглэгдэж, хамтрагчийн зан үйл зэрэг хамаардаг бол эрсдэлийн хүчин зүйлсийн долоо нь эмэгтэйчүүдийн шинж чанартай, тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийллийн өөр хэлбэрт өртөж байсан. Эхнэрээ зодохыг зөвшөөрөх хандлага болон хамтрагчийнхаа гэр бүлтэй нь хамт амьдрах зэрэг нь хүчирхийлэлд өртөх магадлалыг нэмэгдүүлж байгааг судалгаагаар тогтоосон юм.

Тэгвэл Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтыг судлах үндэсний хэмжээний хоёр дахь судалгааг хийхэд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг илүү тодорхойлох шаардлагатай байгааг зохион байгуулагчид онцолсон юм. 

"Цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийн талаар мэдлэгтэй байх нь энэ төрлийн хохирогч болохоос сэргийлнэ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ үеэр Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул "Технологид суурилсан хүчирхийлэл илүү хоруу чанартай байдаг. Энэ бол зөвхөн Монголд гэлтгүй олон улсад ч шүдний өвчин болж байгааг онцолж болно.

Цахим хүчирхийлэлд өртсөн хохирогч амиа хорлох, нийгмээс өөрийгөө тусгаарлах зэрэг алхам хийдэг. Тиймээс энэ төрлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байна.

Манайд энэ талын судалгааг хийгээгүй тул ямар хүүхдүүд илүү хүчирхийлэлд өртөж байгааг тодорхойлоход бэрх. 

Технологи хурдацтай хөгжихийн хэрээр үүний цаана харагдах хор уршгийн талаар бид тэмцэх хэрэгтэй. Үүний тулд хохирогчийг хамгаалах арга замуудыг сайн судалж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх нь эхний алхам болох юм. 

Технологи ашиглаж үйлдэгдэж буй хүчирхийллийн талаар мэдлэгтэй байх нь энэ төрлийн хохирогч болохоос сэргийлнэ. Үүний тулд хувийн хэвшил, төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, энэ төрлийн мэдээллийг иргэдэд түгээх нь чухал байна" гэж онцоллоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи, Азийн сангийн Суурин төлөөлөгч Сара Тэйлор нар Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх Монгол Улсын уриалгыг танилцуулсан юм.