Уншиж байна ...

Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, СХД-т нийт ₮288.4 тэрбум, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ₮14.1 тэрбумыг хуваарилжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын 2025 оны төсөвт гадаад, дотоод бондын өрийн эргэн төлөлт болон есөн дүүрэгт хэчнээн төгрөгийн төсөв хуваарилсан болохыг өнөөдөр танилцуулсан юм.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Гадаадын зээл, тусламжаар нийт 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлийн гэрээ бүхий 15 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс энэ оны хагас жилийн байдлаар 577.5 тэрбум төгрөгийн ашиглалт гарсан байна.

Дамжуулан зээлд 2025 оны төсвийн жилд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 56.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 21.4 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөхөөр нийслэлийн төсвийн төсөлд тусгалаа.

Засгийн газрын 2024 оны 201, 264, 265 дугаар тогтоолын дагуу дотоод, гадаадын зах зээлд нэг их наяд төгрөг, гадаадын зах зээлд 500 сая ам.долларын үнэт цаас гаргах зөвшөөрөл нийслэлд олгосон бөгөөд 2025 онд үнэт цаасны өрийн үйлчилгээний төлбөрт 327.2 тэрбум төгрөг, үүнээс 20.6 төгрөгийг нийслэлийн төсвөөс, 106 тэрбум төгрөгийг Замын сангаас, 65 тэрбум төгрөгийг хэрэгжиж байгаа төслөөс, 135.6 тэрбум төгрөгийг хүүгийн орлогоос санхүүжүүлэхээр тусгалаа.

Орон нутгийн хөгжлийн сангаас 2025 онд нийслэлд хуваарилж буй шилжүүлгийн орлого 60.3 тэрбум төгрөгөөр батлагдсан нь өмнөх онтой харьцуулахад 10.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төсвийн тухай хуульд заасан олсон нэмэлт орлогын өөрчлөлтийн дагуу орон нутгийн сангаас нийслэлд хуваарилагдсан шилжүүлгийн орлогыг холбогдох итгэлцүүрийн дагуу хот, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд хуваариллаа.

Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн төсвийн суурь зардлын 70 орчим хувь болох нийт 288.4 тэрбум төгрөгийг дээрх дүүргүүдийн төсөвт зарцуулахаар үлдээж, нийслэлийн төсөвт 1 их наяд 438.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсон.

Багануур, Багахангай, Налайх дүүргийн төсөвт 14.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор хуваарилсан" гэж мэдээлэв.

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг НИТХ дахь намын бүлгээр хэлэлцүүлэхээр шилжүүлсэн юм.

ШУУД ҮЗЭХ: