УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болгосонтой холбогдуулан өнөөдөр Засгийн газраас төсвийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. УИХ уг хуулийн төслийг хэлэлцэн баталснаар Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуулийг дахин өргөн мэдүүлэх эрх зүйн боломж нээгдэх юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар: 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар хуулийн хугацаанд буюу 2024 оны есдүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлсэн. Түүнийг УИХ хүлээн аваад холбогдох хэлэлцүүлгүүдийг хийж арваннэгдүгээр сарын 8-ны өдөр баталсан. Энэ төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээн аваад цаашид хэрхэн хэлэлцүүлэхтэй холбоотой дэг шаардлагатай болсон. Үүнийг зохицуулах харилцаа шаардлага бий болсон тул УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсгээс дэгийн тухай хуулийг боловсруулан чуулганаар хэлэлцүүлсэн. Гэтэл энэхүү хуулийн төсөл дэмжигдээгүй тул 2025 оны улсын төсвийг Засгийн газарт буцаах буюу хуулийн төслийг хүчингүй болгох шийдвэр гарсан.
Төсвийн тухай хууль хүчингүй болсноор Засгийн газраас ирэх оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, өргөн мэдүүлсэн байна.
Улсын төсөв өргөн барихтай холбоотой тодорхой цаг хугацааны цаглавар байдаг. Хуулийн төслийн өөрчлөлтөөр уг цаглаврыг арай илүү хялбаршуулъя, мөн хуулийн төслийг өргөн барихтай холбоотой нэмэлт оруулъя гэж оруулж ирсэн.
Энэ асуудлыг МАН-ын бүлгээр хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Өргөн барьсан хуулийн төслийн талаар мэдээлэл өгье. УИХ‑аас тодорхой хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 10-ны дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн хүрээнд 2025 оны төсвийг Засгийн газар дахин боловсруулж оруулж ирэхийг даалгасан.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд төсвийг жилд нэг удаа өргөн барьдаг хуулийн цаглавартай байсан. Төсвийн тухай хууль, 2025 оны төсвийн тухай хууль хоёр тусдаа асуудал шүү. МАН-ын бүлгээр хэлэлцсэн хуулийн төсөл нь төсвийн цаглавар, түүнийг хэлэлцэх дэгийг зохицуулдаг суурь хуулийн төсөл юм.
Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд баталсны үндсэн дээр 2025 оны төсвийг өргөн барих эрх зүйн боломж бүрдэнэ.
Хуулийн төсөлд УИХ төсвийн төслийг буюу бидний өргөн барих төсвийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард багтаана гэсэн үг.
Орон нутгийн хувьд одоо хэлэлцэх гэж байгаа төсвийн цаглаварт өөрчлөлт оруулах болох ирэх оны төсвийн тухай хууль батлагдах хүртэл хүлээх хэрэгтэй. Хугацаа нэлээн давчуу байх болов уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!