Прокурорын байгууллага арваннэгдүгээр сарын 25-29-нийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43,999, мөрдөн байцаалтын 4,782 хэрэгт хяналт тавьжээ.
Үүнээс эрүүгийн 185 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 76
- Өмчлөх эрхийн эсрэг 54
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 41
- Хүрээлэн байгаа орчны эсрэг тав
- Авлига, албан тушаалын дөрөв
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гурав
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хоёр хэрэг байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн албан тушаалтан С.Б нь тус эмнэлгээс зарласан тендерт шалгарсан аж ахуйн нэгжээс хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан хэрэгт
Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн нэг (Хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан Х.О нь ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн хоёр (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Иргэн Б.Н, Б.Д нар нь насанд хүрээгүй хүүхдийн эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Иргэн Г.М нь бусдын гадаад паспортыг ашиглан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн нэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Гаалийн газрын албан тушаалтан Ж.У, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Цагааннуур боомтоор нэвтрүүлсэн эд зүйлсийн шинжилгээний хариу гараагүй байхад гаалийн хяналтын бүсээс гаргаж бусдад давуу байдал бий болгосон, мөн Гаалийн газрын албан тушаалтан Х.Ж, Т.Б, Д.А нар нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн гаалийн хяналт шалгалтыг биечлэн хийлгүйгээр хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн нэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Монгол Улсын иргэн С.Х, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Д.А, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.Ж, М.Ш, В.Ш нар нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлсийг устгасан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн нэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох), 21.1 дүгээр зүйлийн нэг (Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ю.Ш нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн гурав (Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!