Уншиж байна ...

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хүүдээ өршөөл үзүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Ерөнхийлөгч Жо Байден, хүү Хантер Байден нар

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн хүү Хантер Байдены галт зэвсэг, татварын хэргийг өршөөлд хамруулж байгаагаа Ням гарагт зарлажээ.

“Өнөөдөр би өөрийн хүү Хантерыг өршөөх шийдвэр гаргалаа. Ерөнхийлөгч болсон цагаасаа хойш би Хууль Зүйн Яамны шийдвэрт нөлөөлөхгүйгээ амлаж байсан. Миний хүүг зориуд онцолж, шударга бусаар шүүж байхад ч би энэ амлалтаа биелүүлсэн” гэж Байдены мэдэгдэлд өгүүлсэн байна.

Хүүд нь тулгасан хэрэг улс төрийн өрсөлдөгчдийнх нь түүний нэр төрд халдах арга хэрэгсэл болж байсныг дурджээ.

Тухайлбал өнгөрсөн зун Конгресс дахь өрсөлдөгчдийнх нь шахалтаар Хантер болон шүүхийн хооронд ял шийтгэлийг тохиролцох хэлэлцээр бүтэлгүйтсэнийг Байден үүний цаана улс төрийн шалтгаан байгаагийн илрэл гэж тайлбарласан байна.

“Хантерын хэргийн баримттай танилцсан ямар ч эрүүл хүн түүнийг зөвхөн миний хүү учраас онцгойлон шалгаж байгааг ойлгох болно. Таван жил хагасын турш Хантерыг буруутгах, цаашлаад давхар намайг буруутгахыг оролдсон энэ үйлдэл зогсоно гэдэгт би итгэхгүй байна. Тиймээс хангалттай” гэж Байдены мэдэгдэлд бичжээ.

Хантер Байденыг хэд хэдэн хэрэгт буруутгаж, дээд тал нь нийт 42 жилийн ялтай 12 төрлийн ял оноохоор төлөвлөөд байсан юм.

Хантерын татвараас зайлсхийсэн хэргийг Трампын томилсон Делавар мужийн ерөнхий прокурор Дэвид Вэйс 2018 оноос мөрдөн шалгаж эхэлжээ.

Хэдийгээр АНУ-д шинэ ерөнхийлөгч сонгогдох бүрд прокурорууд солигддог ч Байдены засаг захиргаа Вэйссийг албан тушаалд нь үлдээж байсан гэнэ.

Мөрдөн байцаалтын явцад Хантер татвараас зайлсхийсэн хоёр хэргээ хүлээж, хариуд нь галт зэвсэгтэй холбоотой хэргээ хэрэгсэхгүй болгуулах тохиролцоог шүүхтэй байгуулахаар болоод байв.

Гэвч Трампын томилсон өөр нэг прокурор Марилэн Норейка өнгөрсөн долдугаар сард уг хэлэлцээрээс татгалзаж байжээ.

2023 оны есдүгээр сард прокурорууд Хантер Байденыг галт зэвсэг худалдаж авахдаа хууль зөрчсөн үндэслэлээр гурван зүйл ангиар буруутгаж байв.

Тухайлбал түүнийг галт зэвсэг худалдаж авахдаа өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байсан түүхээ нуусан гэж буруутгажээ.

Хантерын галт зэвсэгтэй холбоотой гурав, татвараас зайлсхийсэнтэй холбоотой есөн хэргийн хоёр шүүх хурал энэ сарын дундуур товлогдоод байсан юм. Ерөнхийлөгч эдгээр шүүх хурлуудын өмнө ийнхүү хүүгээ өршөөж байна.

“Үнэн гэвэл: Би шударга шүүхийн тогтолцоонд итгэдэг. Гэхдээ үүний хажуугаар бохир улс төр энэ үйл явцад нөлөөлж, шударга ёсыг алдагдахад хүргэдэг гэдэгт би бас итгэдэг. Тиймээс надад үүнийг цаашид хойшлуулах нь утга учиргүй болж байна. Аав хүн, ерөнхийлөгч хүн яагаад ийм шийдвэр гаргасныг Америкчууд ойлгох байх” гэж Байден мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Зураг
21 | 3 цаг