Москвагийн эрх баригчид Сири дэх Оросын цэргийн байлдааны ажиллагааг хариуцсан генерал Сергей Киселийг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар тус улсын цэрэг дайны сэдвээр бичдэг блог хуудаснууд Ням гарагт мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн дундуур Сирийн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Ассадын дэглэмийн эсрэг давшилтыг эхлүүлсний үр дүнд тус улсын хоёр дахь том хот Алеппод хяналтаа тогтоосон юм.
Орос улс нь ерөнхийлөгч Башар Аль Ассадын гол холбоотнуудын нэг.
53 настай генерал Кисель албан тушаалаасаа чөлөөлөгдсөн талаар Оросын батлан хамгаалах яамтай ойр ажилладаг Рыбарь Телеграм суваг болон Военный Осведомитель блог мэдээлжээ.
Харин ОХУ-ын батлан хамгаалах яам энэ талаар мэдэгдэл гаргаагүй байна.
Украины дайн эхэлсэн цагаас хойш Оросын эрх баригчид армийн дотор олон тооны халаа сэлгээг нийтэд зарлалгүй хэрэгжүүлж байгаа.
Киселийг хурандаа генерал Александр Чайко орлох болсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Кисель өмнө нь Украины Харьков мужид Оросын Нэгдүгээр Танкийн Армийг командалж байсан юм. 2022 оны сүүлээр Украины арми энэ газар нутгаас Оросын цэргийг хөөн гаргаж байжээ.
Военный Осведомитель блог “Тэр Сирид нуугдмал авьяасаа гаргаж харуулах ёстой байсан ч чадсангүй” гэж бичсэн байна.
“Арга барилаа өөрчлөх хэрэгтэй байна. Сирийн тусгаарлагдмал орчин нь цэргийн тусгай ажиллагаанд амжилт гаргаж чадаагүй генералуудын нэр төрөө сэргээх талбар байсаар ирлээ” гэж Рыбарь суваг шүүмжилжээ.
2020 онд Турк, Орос улсуудын зуучлалаар Сирийн засгийн газар босогчидтой гал зогсоох тохиролцоонд хүрч байв.
Энэ үеэс хойш Сирийн иргэний дайны нөхцөл байдал харьцангуй тогтвортой байсан юм.
Алеппо хот 2016 оноос хойш Сирийн засгийн газрын армийн хяналтад байжээ. Сирийн баруун хойд Идлиб мужийг хянаж байгаа босогчдыг одоо Хаяат Тахрир аль-Шам исламист бүлэглэл болон Турк улсын дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд голлон бүрдүүлж байна.
Израил улсын Газын зурвас, Ливанд явуулж буй дайн Ираны хүч нөлөөг сулруулж, Оросын эрх баригчид Украины дайнд анхаарлаа төвлөрүүлэх болсон нь Сирийн босогчдод боломж олгосон гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!