Уншиж байна ...

Гүрж улсын Европын Холбоонд элсэх үйл явцыг зогсоосныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжлэв

Т.Давааням, ikon.mn
1 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Гүрж улсын засгийн газар Европын Холбоонд тус улсыг гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээг зогсоох шийдвэр гаргасан нь иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байна.

Тэмцэгчид Баасан гарагийн шөнө нийслэл Тбилиси хот дахь парламентын байрны өмнө хоёр дахь удаагаа жагсжээ.

Өмнөх өдрийн жагсаалыг тараахын тулд цагдаа нар резинэн сум, нулимс асгаруулагч хий, усан буу зэргийг ашиглаж байв.

Гүржийн дотоод хэргийн яам “цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, жижиг хэлбэрээр танхайрсан” 107 хүнийг өнгөрсөн шөнө баривчилснаа Бямба гарагт мэдээлжээ.

Жагсагчид энэ үеэр чулуу, шил, төмөр материал зэргийг цагдаа нарын эсрэг зэвсэг болгон ашигласны улмаас 10 ажилтан гэмтэж, бэртсэнийг бас мэдээлсэн байна.

зураг
 

Аравдугаар сард Гүржид болсон парламентын сонгуулийн үр дүнг Европын парламент хүлээн зөвшөөрөхгүй байх тухай тогтоол гаргаснаас хойш хэдхэн цагийн дараа Гүржийн ерөнхий сайд Иракли Кобахидзе өөрийн улсыг Европын Холбоонд элсүүлэх яриа хэлэлцээг зогсоох шийдвэр гаргасан юм.

Эрх баригч Гүржийн Мөрөөдөл намын ерөнхий сайд уг үйл явцыг 2028 он хүртэл зогсоох шийдвэр зарлажээ.

Кохабидзе бас 2028 оныг дуустал Европын Холбооноос ямар нэг санхүүгийн тусламж дэмжлэг авахгүй байх шийдвэрийг зарласан байна.

Европын талыг баримтлагч Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили засгийн газрынхаа энэ шийдвэрийг “ард түмнийхээ эсрэг зарласан дайн” гэж шүүмжилжээ.

Зурабишвили өнгөрсөн сонгуульд Орос улс нөлөөлсөн гэж үзээд үр дүнг нь хүчингүй болгох хүсэлтийг Үндсэн Хуулийн Шүүхэд гаргаад байгаа.

Тэрбээр Гүржийн олон нийтээс сонгогдсон боловч 2018 онд үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу дараагийн ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болсон. Зурабишвилигийн бүрэн эрхийн хугацаа арванхоёрдугаар сарын сүүлээр дуусах юм. Гэхдээ Зурабишвили хууль бус сонгуулиар байгуулагдсан парламент өөрийнх нь залгамжлагчийг тодруулах эрхгүй гэж үзээд албан тушаалаа шилжүүлэхээс татгалзаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрх баригч Гүржийн Мөрөөдөл нам Өрнөдийг эсэргүүцдэгээрээ алдартай мэргэжлийн хөлбөмбөгчин асан Михэил Кавелашвилийг ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн юм.

Хэрвээ тэр ерөнхийлөгчөөр сонгогдвол Гүрж улс хойд хөрш ОХУ-тай улам ойртож, Европын Холбоонд элсэх үйл явцад саад учрах төлөвтэй байгаа.

Одоогоос нэг жилийн өмнө Европын Холбоо нэр дэвшигчийн статусыг Гүрж улсад олгож байжээ.

Гэвч эрх баригч нам Орос маягийн “гадаад агентын хууль” баталсны улмаас цаашдын үйл явцад саад учраад байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Казахстанд айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ийм хуулийг баталж чадсан Гүржийн эрх баригчдын “зүрх зориг”-ийг магтаж байв.

Гүржийн Мөрөөдөл намыг Оросын зах зээлээс баяжсан тэрбумтан Бидзина Иванишвили 2012 онд үүсгэн байгуулж байжээ.

Тус нам эхэн үедээ Европын талыг баримталдаг байснаа сүүлийн жилүүдэд илт Москвагийн эрх баригчидтай сүжрэх болсон юм.

 

Эх сурвалж: Aljazeera