Сирийн засгийн газрын арми тус улсын хоёр дахь том хот Алеппогоос ухарч, тус хотыг босогчдын хяналтад өгснөө хүлээн зөвшөөрчээ.
Гэхдээ Алеппо хотыг буцааж авах сөрөг давшилтыг ойрын үед явуулахаа амласан байна.
Босогчид өнгөрсөн долоо хоногийн дундуур ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмийн эсрэг шинэ байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн нь Сирийн иргэний дайны сүүлийн хэдэн жилийн хугацаанд гараагүй том ахиц дэвшил үзүүлээд байна.
Ажиллагаа эхэлснээс хойш 300 гаруй хүн алагдсаны 20 орчим нь энгийн номхон иргэн байсныг Их Британид төвтэй SOHR (Syrian Observatort for Human Rights) байгууллага мэдээлжээ.
Бямба гарагт хэлсэн үгэндээ Башар Аль Ассад “Сирийн тогтвортой байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг террористууд болон тэднийг дэмжигчдээс хамгаална” гэж амласан юм.
“Манай улс холбоотнууд болон найз нөхдийнхөө тусламжтайгаар ямар ч хүчтэй террористуудыг ялан дийлэх, устгах чадвартай” гэж тэр мэдэгджээ.
Сирийн иргэний дайн 2011 онд дэглэмийг нь эсэргүүцсэн иргэдийн тэмцлийг Ассад цус урсган дарсны дараа эхэлсэн юм.
2020 онд Турк, Орос улсуудын зуучлалаар гал зогсоох гэрээ байгуулсны дараа мөргөлдөөн харьцангуй зогсонги байдалд ороод байв.
Сөрөг хүчнийхэн өнгөрсөн хугацаанд Сирийн баруун хойд Идлиб мужийн ихэнх хэсгийг хянаж байлаа.
Мужийн төв Идлиб хот нь Алеппогоос 55 км зайд оршдог.
Алеппо хот 2016 онд Ассадын цэргүүдийг хяналтаа тогтоох хүртэл босогчдын түшиц газар байжээ.
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ажиллагааг Хаяат Тахрир аль-Шам (ХТШ) исламист бүлэглэл болон Турк улсын дэмждэг зэвсэгт бүлэглэлүүд явуулж байна.
ХТШ бол Ассадын дэглэмийн эсрэг тэмцэж буй зэвсэгт бүлэглэлүүдээс хамгийн хүчтэй нь юм.
Сирийн иргэний дайны оргил үед Ассадыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн Оросын агаарын хүчин өчигдөр Алеппо хотыг бөмбөгдсөн байна.
Энэ нь 2016 оноос хойш тус хотод агаараас довтолсон анхны тохиолдол болжээ.
Израил улсын Газын зурвас, Ливанд явуулж буй дайн Ираны дэмждэг бүлэглэлүүдийн хүчийг сулруулсан, Орос улс Украины дайнд анхаарлаа хандуулах болсон зэрэг нь Сирийн босогчдод Ассадын дэглэмийн эсрэг шинэ ажиллагаа эхлүүлэх боломж олгож байна. Иран, Орос улсууд нь Ассадын дэглэмийн гол ивээн тэтгэгчид юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!