Ням гарагаас Бельги улсад биеэ үнэлэгчдийн хөдөлмөрийн эрхийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлжээ.
Ингэснээр тэд бусад ажил мэргэжлийн хүмүүстэй нэгэн адил хөдөлмөрийн гэрээ байгуулж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хүүхэд төрүүлэхдээ нийгмийн халамж хүртэж, ажилгүйдлийн тэтгэмж авч, тэтгэвэр авдаг болж байна.
Мөн ажлын цаг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарттай болжээ.
Тухайлбал үйлчлүүлэгчээсээ татгалзах, арга техникээ сонгох, дундаас нь үйлчилгээгээ зогсоох зэрэг аюулгүй байдлаа хангах эрхтэй болсон байна.
Бельги улс 2022 онд биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрч байсан бол энэ удаа албан ёсны хөдөлмөрийн харилцаа болгон сайжруулжээ.
“Энэ бол гайхамшигтай ахиц дэвшил. Бельгийн төр засаг эцэст нь энэ мэргэжил хууль ёсны болсныг хүлээн зөвшөөрч байна. Ажил олгогчийн үүднээс авч үзвэл энэ бол хувьсгал юм. Тэд биеэ үнэлэгч ажилд авахын тулд төрөөс зөвшөөрөл авдаг болж байна” гэж хуулийн төслийг санаачлагчдын нэг Espace P хүний эрхийн байгууллагын зохицуулагч Изабел Жарамилло хэлж байна.
Ажил олгогчид ийм үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой шаардлага хангах ёстой болж байгаа ажээ.
Тухайлбал урьд өмнө нь бэлгийн хүчирхийлэл, хүний наймааны хэрэгт холбогдож байгаагүйгээ батлах ёстой болсон байна.
Бас цэвэрхэн цагаан хэрэглэл, бэлгэвч, эрүүл ахуйн бүтээгдэхүүнээр ажилтнуудаа хангах, ажлын байранд яаралтай тусламжийн товчлуур бүхий дохиоллын систем суурилуулах зэрэг шаардлагыг биелүүлэх ёстой болжээ.
Шинэ хуулиар мөн хувиараа биеэ үнэлэхийг зөвшөөрч байгаа юм байна.
Герман, Нидерланд зэрэг Европын орнууд биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрсөн ч Бельги шиг хөдөлмөр хамгааллын асуудлыг цогцоор шийдээгүй байдаг юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!