Уншиж байна ...

Тогтвортой хөгжлийг дэмжих шилдэг төслүүдийг ЖАЙКА зарлав

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монголын нийгмийн асуудлыг шийдэх төсөл шалгаруулж, цаашлаад хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024” хөтөлбөрийн шилдэг төслүүдийг тус үйл ажиллагааны зохион байгуулагч ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зарлалаа.

Энэ удаа Эрүүл, био суултуурыг туршиж, нутагшуулах зорилготой, Монгол Коосэн Технологийн коллеж, Японы Стар инженеринг компанийн хамтарсан “Bio-toilet” төсөл болон Байгалийн ухааны хичээлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж буй МУИС-ийн багш, оюутнуудын стартап “Creativision” төслүүд шалгарчээ.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд чиглэсэн нээлттэй инновац, хамтын бүтээл шалгаруулах энэхүү хөтөлбөр нь Монгол, Япон хоёр орны төр, хувийн хэвшил, боловсрол, санхүүгийн байгууллага зэрэг олон талт оролцогчдыг технологи, санаачилга, хөрөнгөө нэгтгэн инновацлаг шийдлийг хамтран бүтээж, хамтран хэрэгжүүлэхийг дэмждэг онцлогтой.

зураг
 

Зохион байгуулагч ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ хэлэхдээ᠌᠌ "Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, зарим улс оронд болж буй дайн, мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт, цагаач иргэдийн тоо нэмэгдэх зэргээр дэлхий дахины нөхцөл байдалд хурц өөрчлөлтүүд үүсэж, нэг улс, эсвэл байгууллага дангаараа олон улсад тулгарч буй асуудалтай тэмцэхэд улам хэцүү болж байна. Ийм нөхцөлд MICS хөтөлбөр нь Монгол Улсын нийгмийн асуудлыг шийдэх, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд дэмжлэг болох инновацлаг шийдлийг Монгол, Японы тал хамтран санаачилж, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь чухал юм. 2023 оноос хойш зохион байгуулагдаж байгаа тус хөтөлбөрийн энэ удаагийн Mid-Term Event-ээр Монгол Улсын нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн шинэ "Хамтын бүтээл", "Хамтын ажиллагаа"-г хөгжүүлж, түгээж чадсан бол бид бүхний хувьд тун баяртай байна" гэв.

Хөтөлбөрт нийт 197 баг төслөө уралдуулан хэд хэдэн шатны шалгаруулалтаар дамжсан юм. Энэ оны зургаадугаар сарын 11-нд зохион байгуулагдсан нээлтийн үйл ажиллагааны үеэр 64 төсөл шалгарч, олон нийт, хөрөнгө оруулагч, бусад оролцогч талуудад төслөө танилцуулснаас дараагийн шатанд шалгарсан 15 багийн төлөөлөл Токио хотод, Японы хөрөнгө оруулагч, сонирхогч талуудад төслөө танилцуулсан.

зураг
 

Ийнхүү шат шатны шалгаруулалтын дүнд тунаж үлдсэн 10 багийн шалгарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд олон талт дэмжлэг үзүүлж, менторлох хөтөлбөрт өнгөрсөн наймдугаар сараас ирэх оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд хамруулж байгааг зохион байгуулагчид тайлбарласан. Тухайлбал Монгол, Япон талын бизнес, инновацын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд бизнес төлөвлөгөө, маркетинг, санхүү, хөрөнгө оруулалт татах арга туршлага зэрэг тал талын мэдлэг олгох сургалт, уулзалт зохион байгуулснаас гадна 10 баг тус бүрд дотоод, гадаад хамтрагч хайх, холбох тал дээр дэмжиж ажиллаж байгаа аж.

Хөтөлбөрийн онцгой хамтрагчаар Нийслэлийн Бизнес Инновацийн газар, хэрэгжүүлэгчээр Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг ажиллажээ.

Энэхүү арга хэмжээний үеэр Япон улсын Жайка-Кюүшюү салбар байгууллагаас зохион байгуулж буй бизнес аяллын оролцогчид ирж төслүүдтэй танилцсан нь энэ удаагийн “MICS 2024”-ийн бас нэг онцлог байлаа.

Уг хөтөлбөр нь шинэлэг санааг бодит болгохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд MICS-2024 хөтөлбөрийн үр дүнгийн танилцуулга болон хаалтын үйл ажиллагааг 2025 оны хоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа аж.
Зураг
21 | 4 цаг