Уншиж байна ...

АУДИТ: Нийслэлийн ирэх оны төсөвт шинэ жилийн баярын цэнгүүнд 400 сая төгрөгийг төлөвлөсөн байна

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын 2025 оны төсвийн төслийг өнөөдөр НИТХ-д танилцуулсан юм. Үүний дараа Аудитын байгууллагаас төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг танилцууллаа.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд "Нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн 2025 оны төсвийн төслийг холбогдох шаардлага нийцүүлэн боловсруулж, НИТХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. НИТХ-д өргөн мэдүүлсэн нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан эсэхэд аудит хийж, дүгнэлт гаргах нь Төрийн аудитын газрын үүрэг юм.

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг арвилан хэмнэлттэй, үр ашигтай, зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх, төсвийн санхүүжилтийг үр ашгийг дээшлүүлэх боломжийг тусгасан эсэхэд дүгнэлт гаргах нь аудитын зорилго байлаа.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах, холбоос замуудыг нэмэгдүүлэн нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах, өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл, бодлогыг баримталсан байна.

Нийслэлийн 2025 оны төсвийн төлөвлөгөөнд 5 зорилт, 382 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Нийслэлийн төсвийн орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх дараах боломжууд байна. Авлагын үлдэгдлийг ирэх онд барагдуулах авах арга хэмжээг хэрэгжүүлэх. Үүнд:

  • ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор "Капитал" банкаар дамжуулан 2014 онд 27 төсөлд нэг тэрбум төгрөг, 2015 онд 58 төсөлд 4.6 тэрбум төгрөг, нийт 85 төсөлд 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 2024 оны гуравдугаар улирлын байдлаар 3.7 тэрбум төгрөгийн зээлийн авлагын үлдэгдэл байна. Үүний 30%-ийг ирэх онд барагдуулахад 1.1 тэрбум төгрөгийн орлого олох боломж байна.
     
  • Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн 2014-2017 оны хооронд 123 хадгаламж зээлийн хоршоодод хоёр жилийн хугацаатай 14.3 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд энэ оны 11 дүгээр сарын байдлаар 6.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг авлагын 30%-ийг барагдуулахад хоёр тэрбум төгрөгийн орлого олох боломж байна.
     
  • НИТХ-ын 2017 оны 05 дугаар тогтоол НЗД-ын 2017 оны захирамжаар ТОСК-ийн захиалгаар баригдсан "Буянт-Ухаа 1" хорооллоос 1,348 м.кв талбайтай 30 айлын орон сууцыг 1.7 тэрбум төгрөгөөр үнэлж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын үндсэн хөрөнгөд бүртгэсэн байна. Нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллагын 30 албан хаагчид дээрх орон сууцыг хуваарилж, 2015 онд тэдэнд орон сууц худалдах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу орон сууцны төлбөрийг 2020 онд төлж барагдуулах байсан ч 2024 оны гуравдугаар улирлын байдлаар 0.8 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна.

Нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах боломжууд:

НЗДТГ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр, хураамжийн зардалд тооцоо судалгаагүй, нотлох баримтаар дэмжигдээгүй 2.1 тэрбум төгрөгийн арга хэмжээг төлөвлөсөн байна.

Тухайлбал нийслэлийн хэмжээний мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд 200 сая төгрөг, Нийслэлийн үнэт цаасны болон өрийн удирдлагын журам боловсруулах, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авахад 200 сая төгрөг, ах дүү найрамдалт харилцаатай хотуудтай хамтран худалдаа, эдийн засгийн олон улсын форум, арга хэмжээ зохион байгуулахад 1.7 тэрбум төгрөг төлөвлөжээ.

Нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд хэрэгцээ шаардлага тодорхойгүй, үйл ажиллагааны чиг үүрэг давхардсан арга хэмжээнд 3.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Тухайлбал соёлын эрхийн бичгийн туршилт, үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 сая, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага, ТББ, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхэд 200 сая, бусад арга хэмжээний зардалд 2.9 тэрбум, авлигатай тэмцэх ажиллагаанд 200 сая төгрөг төсөвлөжээ.
Нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох, үр ашиггүй үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тухайлбал шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулахад 400 сая, бүтээлч од төсөлд 950 сая, өмгөөллийн хуулийн зөвлөгөө авахад 60 сая, хууль тогтоомжийн судалгаа хийхэд 40 сая, эх оронч сурагч аянд 200 сая төгрөгийг тус тус төлөвлөсөн байна.
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын дүрмийн сангийн хөрөнгө гэх нэршилтэй 9 тэрбум төгрөг төлөвлөсөн нь нотлох баримтаар дэмжигдээгүй, зориулалт тодорхойгүй.
"Шинэ зуун мод хот" корпорац ХХК, "Нийслэлийн эрсдэлийн удирдлагын сан хос" ХХК-ийн дүрмийн санд 7 тэрбум төгрөгийг төлөвлөсөн нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцэхгүй байна.

НИТХ-ын 2024 оны 105 дугаар тогтоолоор Эмээлт Эко аж үйлдвэрийн парк компанийн дүрмийн санг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсныг урсгал үйл ажиллагаандаа зарцуулсан байна. Гэтэл 2025 оны төсвийн төсөлд хуулийн этгээдүүдийн дүрмийн сангийн хөрөнгө нэршлээр тусгасан 12 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулах эрсдэл үүсгэж болзошгүй" гэж танилцууллаа.

Үргэлжлүүлэн "Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа өмнөх онуудад эхлүүлсэн төслүүдийг дуусгаж, ашиглалтад оруулах бодлогыг баримталж хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн нь төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байна. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10.4 их наяд төгрөгийн өртөг бүхий 426 төсөл арга хэмжээг 4.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 7.8 их наяд төгрөгийн өртөгтэй 295 төсөл арга хэмжээ
  • Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 2.3 их наяд төгрөгийн өртөгтэй 7 төсөл арга хэмжээ
  • Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 183.5 тэрбум төгрөгийн өртөгтэй 69 төсөл арга хэмжээ
  • Орон нутгийн сангийн хөрөнгөөр 43.5 тэрбум төгрөгийн 55 төсөл арга хэмжээ байна.
  • Төсөл арга хэмжээнүүдээс 1.8 их наяд төгрөгийн өртөгтэй 98 төсөл арга хэмжээг 2025 онд шинээр эхлэх, 8.5 их наяд төгрөгийн өртөгтэй 328 төсөл арга хэмжээ нь өмнөх онуудаас дамжин хэрэгжиж буй арга хэмжээ байна. 

Төсвийн төсөлд хэрэгжүүлэхээр тусгасан арга хэмжээнүүдээс шинээр хэрэгжих арга хэмжээнээс 11 төсөл буюу 16% нь зураг төсөвгүй. Зураг төсөв нь баталгаажсан 54 төслөөс 11 нь магадлалын дүгнэлтийн хугацаа хэтэрсэн, газрын зөвшөөрөл шаардлагатай 24 төсөл арга хэмжээнээс 9 төсөл нь газрын зөвшөөрөлгүй.

Техникийн нөхцөл авах шаардлагатай 22 төслөөс 9 нь холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөл аваагүй. Ерөнхий нэршлээр батлагдсан гурван төсөл арга хэмжээ байна.

Газар чөлөөлөлт, нөхөн олговорт 359 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн ч газар эзэмшигчидтэй тохиролцсон байх, хөрөнгийн үнэлгээ хийлгэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна. 

Өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байна. НИТХ-ын тогтоол гараагүй байхад зарим төлбөр хураамжийг нэмэгдүүлэн төлүүлдэг зөрчил арилаагүй байна.

НЗД-д өгсөн төсвийн хөрөнгө оруулалтын цахим системийг нэвтрүүлэх ажил хийгдэж байна. 

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хотын захирагчийн 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулсан байна.

Нийслэлийн төсвийн орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зардлыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах боломж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Зураг
21 | 5 цаг