АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп өөрийн хүргэн Жаред Кушнерын аавыг Франц улсад суух элчин сайдын албан тушаалд нэр дэвшүүлж байгаагаа өчигдөр буюу Бямба гарагт зарлажээ.
Чарльз Кушнерыг үл хөдлөх хөрөнгийн салбарт асар их туршлагатай сайн бизнесмэн, буяны үйлстэн, гэрээ хэлцлийн мэргэжилтэн гэж Трамп магтсан байна.
Тэр бас худаа тодорхойлохдоо охин Иванкагийнхаа нөхөр Жаред Кушнерын нэрийг дурджээ.
“Түүний хүү Жаред надтай ойр ажиллахдаа Цагаан ордны хэд хэдэн төсөлд амжилттай оролцож байсан юм” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн байна.
Чарльз Кушнерын 2005 онд шийтгүүлсэн холбооны шүүхийн ялыг Трамп 2020 оны ерөнхийлөгчийн өршөөлд хамруулж байжээ.
Трампын худад ял оноож байсан Нью Жерси мужийн ерөнхий прокурор Крис Кристи 2019 онд хэвлэлд ярихдаа түүний үйлдсэн хэргийг “миний мөрдөж байсан хамгийн жигшүүртэй хэргүүдийн нэг” гэж тодорхойлж байсан юм.
Чарльз Кушнер тухайн үед улс төрийн зорилгоор Ардчилсан Намын хандивлагч, өөрийн хүргэн Уилльям Шулдерыг биеэ үнэлэгчээр урхидан камераар тоноглосон зочид буудлын өрөөнд оруулж, нууцаар бичлэг үйлдэж байжээ.
Энэ хэргийнхээ төлөө тэр шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон юм байна.
Трампын хүргэн Жаред Кушнер энэ оны эхээр хадам аавынхаа хоёр дахь засаг захиргаанд ажиллах төлөвлөгөөгүй байгааг зарлаж байв.
Тэрбээр хувийн хөрөнгө оруулалтын сандаа төвлөрч ажиллахаа мэдэгдэж байжээ.
Гэхдээ тэр шинэ засаг захиргаанд ямар нэг албан тушаалд томилогдохгүй ч Ойрх Дорнодын бодлогод нөлөөлөх хүн гэгдэж байгаа.
Трампын өмнөх бүрэн эрхийн хугацаа 2021 онд дууссаны дараа Иванка, Кушнер нар Майами руу нүүж, улс төрөөс хол амьдрах болсон юм.
Үүний дараа Кушнер өөрийн Affinity Partners хөрөнгө оруулалтын сангаа байгуулж байжээ. Уг сан нь Персийн булангийн орнуудын баялгийн сангуудаас их хэмжээний хөрөнгө татсан гэдэг.
Хадмынхаа засаг захиргаанд ажиллаж байхдаа Жаред Кушнер цагаачлал, Хятадтай харилцах харилцаа, Израиль-Арабын харилцаа гээд маш олон асуудалд чухал нөлөөтэй байсан гэдэг.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!