Уншиж байна ...

Б.Жавхлан: Төсвөө баталж чадахгүй бол 220 мянган төрийн албан хаагч ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсөвт тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүний олонх нь дэмжээгүй. 

Иймд Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, 2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болгох саналыг УИХ-д оруулж ирлээ.

Тус асуудлыг хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Хэдүүлээ гарц ярих хэрэгтэй болж байна. 2025 оны төсвийг Засгийн газар шинээр өргөн барих тохиолдол үүслээ гэхэд зохицуулсан дэг байхгүй. Дэгийн тухай хуулиар есдүгээр сард Засгийн газар төсөв эсвэл тодотгол өргөн барих зохицуулалттай байгаа. 

Өргөн барьснаас хойш хэлэлцээд, хориг тавиад, дахин өргөн барих дэгийн зохицуулалт байхгүй учраас цонх үүсэж байна. Байнгын хороонд ярьсан шиг арванхоёрдугаар сарын 10-нд гээд хугацаа заачихвал бүр амжихгүй. Төсвийг зургаан сар бэлддэг. 

Энэ бүх процесс ирэх сарын 10-нд яагаад ч багтахгүй. Төсвийг 22 төрлийн жагсаалт бүхий бүрдүүлэлттэйгээр өргөн барих хуультай. Нэг нь дутуу байвал УИХ хүлээн авахгүй.

Ч.Лодойсамбуу гишүүний ахалсан ажлын хэсгийн гаргасан Дэгийн хууль уг нь зүгээр байсан. Муу хувилбар хэдий ч хамгийн сайн нь тэр байсан. Шинээр өргөн барих, Дэгийн тухай хуулиар шийдэх хоёроор явсан ч эцсийн төсөв нь яг ижилхэн гарна. 

Уг нь арванхоёрдугаар сард төсвөө яаж ийгээд баталчихвал хэрэгтэй байгаа юм. Байнгын хороо дээр хүнд хувилбар ярьж байна. Төсвөө баталж чадахгүй бол 220 мянган төрийн албан хаагч ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 680 мянган төгрөгөөр цалинжина. Ипотек яаж олгох вэ. 

УИХ-ын дарга аа үдээс өмнөх дэмжигдээгүй Дэгийн тухай хуулиа дахиад хэлэлцэж болно, гарц байгаа. Үүнд Засгийн газрын санал дээр үндэслэн УИХ хэлэлцэнэ гэж үүрэг өгсөн байна. 

Танаж хасах хэмнэхээс айгаад шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол Засгийн газар саналаа оруулж ирээд хэлэлцээд явъя. Засгийн газар дээрээ галаа аваад явъя, бид хариуцлагаа хүлээе. 

Дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар санал хураахад миний төхөөрөмж ажиллаагүй. Сүүлийнх дээр дарга алх цохиод явчихсан. Уг нь би дэмжсэн" гэв. 

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Жавхлан сайд аа УИХ өргөн барьсан саналыг дэмжиж, өнөөдрийн нөхцөлд оруулахгүй гэж бүхий л гарц боломжийг хайж байгаа. 

Өглөөний санал хураалтад 69 гишүүн оролцсоноос 55 нь дэмжсэн. Санал хураалтыг дэмжээгүй гишүүдийн дотор долоон сайд байна. Засгийн газрын гишүүд өөрсдөө Дэгийн тухай хуулиар явуулахгүй, ийм нөхцөл рүү оруулахаар хүсэж байна гэж ойлголоо. УИХ нэр нүүрээ бараад энэ асуудлыг хэдэн удаа хэлэлцэж байна аа.

УИХ бүх нөхцөлийг нь нээж, асуудлыг шийдэхээр яваад байдаг. Эргээд эс үйлдэхүй хийчхээд УИХ-ыг эвгүй байдалд оруулж байна. Нэг хоёр сайдын хариуцлагагүй асуудлаас болж Монголын төр ийм байдалд ороод сууж болохгүй. Одоо жаахан зарчимтай, хэмжээ байх хэрэгтэй" гэв.

Шууд үзэх:

https://www.facebook.com/100064855501474/videos/614003091151534