Уншиж байна ...

Анх удаа парламент баталсан төсвөө хүчингүй болгож, Засгийн газар шинээр төсөв өргөн мэдүүлэхээр болов

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 11 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах дэгийн тухай хуулийн төслийг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэв.

Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлсэн боловч парламент уг хуулийн төслийг дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг УИХ баталж чадсангүй. Ингэснээр ирэх оны төсвийг алдагдал багатай болгох арга мухардалд орсон.

Хамгийн хоржоонтой нь хуулийн төслийг батлах санал хураалт явуулах үеэр чуулганы танхимын санал хураалтын төхөөрөмж эвдэрчхэв. Дэмжиж санал өгсөн гишүүдийн нэр эсрэг кноп дарснаар гарч, тэр тоолонд гишүүд гар өргөн горимын санал гаргаж, дахин санал хураалт явуулсан. Өмнө нь хэвийн ажиллаж байсан төхөөрөмж улсын төсөвтэй холбоотой хуулийн санал хураалт явуулах мөчид гэнэт хэвийн бус ажиллаж гишүүдийн саналыг эсрэгээр харуулаад эхэлдэг нь үнэхээр даажинтай. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Санал хураалтад оролцохдоо би дэмжсэн санал өгсөн. Гэтэл эсрэг санал гарсан. Надтай адил санал эсрэгээр дэмжээгүй гэдгээр гарсан гишүүн олон байсан. Дэмжсэн 55 гишүүнээс гадна санал нь эсрэгээр гарсан 9 гишүүн хангалттай байсан шүү" хэмээв. 

Ийнхүү хориг УИХ хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах дэгийн тухай хуулийг баталж чадаагүй учир хуулийн төслийг Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэв.

Хуралдаанаас ирэх оны төсвийг хүчингүйд тооцох шийдэлд хүрснээр УИХ-ын үдээс хойших хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү түүхэндээ анх удаа парламент өөрийн баталсан улсын төсвөө хүчингүй болгов. Хүчингүй болсон хуулийг дагаад Ерөнхийлөгчийн тавьсан хориг ч хүчингүй болж байгааг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж мэдэгдсэн.  

УИХ ирэх оны төсвийг хүчингүй болгосноор Засгийн газар 2025 оны төсвийн шинээр өргөн мэдүүлэхээр тогтов. Төсвийг хүчингүйд тооцсон УИХ-ын тогтоолын төсөлд 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор Засгийн газар шинэ төсвийг өргөн мэдүүлэхийг даалгав.