Уншиж байна ...

Их Британийн зам тээврийн сайд арваад жилийн өмнө үйлдсэн гар утасны залилангийн хэрэг нь илэрсний улмаас огцров

Т.Давааням, ikon.mn
2024 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Их Британийн засгийн газрын зам тээврийн сайд Луйз Хэй арваад жилийн өмнө үйлдсэн хэрэг нь нийтэд ил болсны дараа өчигдөр буюу Баасан гарагт албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ.

Ерөнхий сайд Кир Стармерт бичсэн захидалдаа тэр “Би улс төрийн үйл хэрэгтээ үнэнч хэвээр байгаа ч одоо таны засгийн газрыг гаднаас дэмжсэн нь илүү үр дүнтэй гэдэгтээ итгэлтэй байна. Энэ асуудал засгийн газрын ажил, бидний баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд саад болох нь гарцаагүй” гэж бичсэн байна.

Дээрх захидлыг бичихээс хэдхэн цагийн өмнө Sky News суваг, The Times of London сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2013 онд Хэй ажлынхаа гар утсыг хулгайд алдсан гэж цагдаад худал мэдүүлээд хувьдаа завшиж байсан баримтыг ил болгосон юм.

Тэрбээр алдагдсан гэж мэдүүлсэн гар утсыг асаасныхаа дараа цагдаад баригдаж, мэдүүлэг өгч байжээ.

Тухайн үед Хэй хуурамч мэдүүлгээр залилангийн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, тодорхой болзолтойгоор шийтгэлээс мултарч байсан байна.

Хэй огцрохыг хүссэн захидалдаа “Тухайн үед би хэдийгээр өөртөө ямар ч ашиг олоогүй ч өмгөөлөгчийнхөө зөвлөсний дагуу энэхүү алдааныхаа төлөө буруугаа хүлээж байсан. Шүүх миний энэ үйлдлийг харгалзан үзээд надад байж болох хамгийн бага арга хэмжээг авч байлаа” гэж бичжээ.

Энэ хэрэг Хэйг 2015 онд парламентын гишүүн болохоос өмнө Aviva даатгалын компанид менежэрээр ажиллаж байхад нь гарсан юм байна.

Ерөнхий сайд Кир Стармер зам тээврийн салбарыг хөгжүүлэх танхимынх нь том зорилгыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэгт нь талархал илэрхийлээд Хэйгийн огцрох хүсэлтийг хүлээн авчээ.

37 настай Хэй нь энэ оны долдугаар сард байгуулагдсан Стармерын танхимаас огцорсон эхний сайд болж байна.

 

Эх сурвалж: Associated Press