Уншиж байна ...

Ч.Батзориг: Ойрын гурван жилд 100,000 айл болон 3,000 нам даралтын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын хурлаар Улаанбаатар хотод цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлж хүлэмжийн хийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж байна.

Дорноговь аймагт баригдаж байгаа нефтийн үйлдвэр 2027 онд ашиглалтад орвол дайвар бүтээгдэхүүнээс нь хийн түлш/газ/ гаргах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр ойрын гурван жилд 100,000 айлыг хийн түлшээр халааж, 3,000 нам даралтын зуухыг хийн түлшинд шилжүүлэх юм байна. Энэ асуудлыг хариуцсан төслийн нэгж байгуулахаар болжээ.

Энэ талаар НЗД-ын зөвлөх Ч.Батзориг "Хийн хоолойн Сибирь төслийн хувьд гурван улсын хооронд өндөр нууцын зэрэглэлтэй хийгдэж байгаа ажил. Төсөл 2027-2028 онд дуусах багцаа төлөвлөлт өгсөн.

Өнгөрсөн долоо хоногт "Газпром" банкныхантай хийсэн уулзалтын үеэр өгсөн мэдээллээр уг төсөл амжилттай хэрэгжиж, цаашид хийн хоолойг дамнасан хийн станц барих, хий нийлүүлэх талаар санал солилцсон. Тэдэнтэй шууд холбогдохгүй байгаа ч цаашид төслийн хүрээнд холбогдож явах нь гарцаагүй.

Хийн түлшний үнэ савлагаатай байгаа. Дайн болохоос өмнө ОХУ-аас дэлхийн 86 орон хийн түлш авч байсан. Одоо 48 орон тус улсаа ямар нэг байдлаар газ авч байна. БНСУ гэхэд 95% импортоор газыг авдаг.

Ойрын гурван жилийн хугацаанд ОХУ-аас газ импортлох үндсэн төлөвлөгөөтэй. Монгол Улсад байгалийн хий болон газрын гүнийн нефтийн шингэрүүлсэн хийн туршилтын ажлууд хийгдэж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний шатанд хүрсэн. Цаашид энэ нөөцдөө тулгуурлаж хийн түлшний хэрэгцээг дотоодоосоо хангах боломжтой гэж харж байгаа.

Дорноговь аймагт баригдаж байгаа нефтийн үйлдвэр 2027 онд ашиглалтад орвол дайвар бүтээгдэхүүнээс нь газ гаргах үйлдвэр ашиглалтад орно. Энэ үйлдвэр жилд 60,000 тонн газ гаргах хүчин чадалтай байх юм.

Монгол Улсын газын хэрэглээ жилд 60,000 тонн, үүнээс Улаанбаатарын хэрэглээ 43,000 тонн. Манай улс газын хэрэглээ бараг байхгүй гэж хэлж болно.

Бидний зорилт ойрын гурван жилд 100,000 айл өрхийг хийн түлшинд холбох дэд бүтцийг барих, 3,000 нам даралтын зуухыг хийн түлшинд шилжүүлэх юм. Ингэснээр Улаанбаатар хотод хүлэмжийн хийг бууруулах, нүүрстөрөгчийн кредитийг цуглуулж олон улсад зарахаар төлөвлөж байна.

Газын үнэ Улаанбаатар хотод бөөний худалдаагаар нэг килограммыг 2,500-2,700, жижиглэнгийн үнэ 2,900-3,200 төгрөгөөр зарж байна. Дундаж үнийг байхаар 2,700-2,900 төгрөгөөр тооцож байгаа. Цаашид сайжруулсан шахмал түлшний хөнгөлөлтийг хийн газын ашиглалтын зардалд шилжүүлэхээр төлөвлөж байна" гэж мэдээллээ.

ВИДЕО: