АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп өчигдөр БРИКС-ийн аль нэг гишүүн орон доллароос татгалзахыг оролдвол бүх бараа бүтээгдэхүүнд нь 100 хувийн импортын татвар ногдуулахаар сүрдүүлжээ.
БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсуудын үүсгэн байгуулсан хөгжиж буй орнуудын эдийн засгийн эвсэл юм.
Сүүлд уг байгууллага хэд хэдэн гишүүн орноор хүрээгээ өргөжүүлээд байгаа.
Долларыг гадаад худалдаанаасаа хасах боломжийг судалж буй орнуудад “100 хувийн импортын татвар” оноох замаар АНУ-ын зах зээлд нэвтрэх эрхийг нь хязгаарлаж болзошгүйг Трамп өөрийн сошиал хуудсанд анхааруулсан бичсэн байна.
Трампын энэ мэдэгдэл БРИКС-ийн орнууд дундын шинэ валют нэвтрүүлэх буюу арилжааны шинэ механизм нэвтрүүлэх замаар Америк доллароос хамаарлаа бууруулах боломжийг судалж буй цаг үетэй давхцаж байгаа юм.
Өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдсан БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөж байв.
Тухайн үед чуулганыг зохион байгуулагч орны ерөнхийлөгч Владимир Путин бүр БРИКС-ийн орнуудын ашиглах шинэ валютын дэвсгэртийн загварыг танилцуулж байжээ.
Гэхдээ гишүүн орнууд ийм дундын валюттай болох санааг дэмжээгүй.
“Бид үндэсний мөнгөн тэмдэгт, төлбөр тооцооны механизмаа өргөжүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд үүнийг хангалттай аюулгүй, найдвартай болгох арга хэрэгслийг бий болгохыг хүсэж байна” гэж Путин тухайн үед мэдэгдэж байв.
Гэхдээ БРИКС-ийн орнуудын зарим нь энэхүү санаа хэрэгжих боломжтой эсэхэд эргэлзсэн хэвээр байгаа гэсэн мэдээлэл бий.
Эдийн засгийн ялгаатай систем бүхий ийм орнууд мөнгөний нэгдсэн бодлоготой болоход нэлээд бэрхшээлтэй бөгөөд хэрэгжихэд урт хугацаа орно гэж Бразилын Рио Де Жанейро хот дахь “Observa China” судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Марина Морено үзэж байна.
Тухайлбал эдийн засаг болон газар зүйн хувьд нэгдмэл орнуудаас бүрддэг Европын Холбоо өөрийн валюттай болоход 34 жилийг зарцуулсныг тэр жишээ болгон дурджээ.
Хэдийгээр БРИКС-ийн орнууд доллароос татгалзаж чадахгүй ч гадаад худалдаандаа өөрийн үндэсний валютыг түлхүү ашиглах оролдлого зогсохгүйг Морено хэлсэн байна.
Ингэхдээ тэр Хятадын төв банкны нэвтрүүлсэн CIPS (Cross-border Interbank Payment System)-ийг жишээ болгожээ.
CIPS нь 1970-аад онд байгуулагдаж, өнөөдөр дэлхийн 200 орчим улс ашигладаг болсон SWIFT төлбөр тооцооны системтэй өрсөлдөгч юм.
2015 онд үүсгэн байгуулагдсан CIPS одоо Ази, Европ, Африкийн 1,400 гаруй банк санхүүгийн байгууллагыг нэгтгээд байгаа.
Украины дайны улмаас SWIFT-ээс тусгаарлагдсан Орос улс одоо энэхүү системийг гуравдагч улс орнуудтай төлбөр тооцоо гүйцэтгэхэд ашигладаг болсон.
“БРИКС-ийн орнуудын санаачилга учир дутагдалтай байгаа тул Трампын өнөөдөр зарласан санаа бодитой хэрэгжихгүй байх гэж би бодож байна. Гэхдээ хэрэгжвэл гишүүн орнуудын эдийн засгийн өсөлтөд томоохон саад тотгор болох нь ойлгомжтой” гэж Морено ярьжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!