Уншиж байна ...

Их Британийн парламент өөрийн хүслээр амиа егүүтгэх эрхийг хуульчлахыг анхны хэлэлцүүлгээрээ дэмжлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Их Британийн парламентын доод танхим өөрийн хүслээр амиа егүүтгэх хүний эрхийг хамгаалсан хуулийн төслийг олонхын саналаар дэмжлээ.

Ширүүн мэтгэлцээний дараа парламентын Нийтийн Танхим “Эдгэршгүй өвчтэй насанд хүрэгчдэд амьдралаа дуусгах эрх олгох” хуулийн төслийг 330:275 харьцаагаар дэмжсэн байна.

Хуулийн дагуу зургаан сар хүртэл амьдрах хугацаа үлдсэн нь эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн хувьд эрүүл боловч эдгэршгүй өвчтэй Англи, Уэльсийн насанд хүрэгчдэд эмнэлгийн тусламжтай амиа егүүтгэх боломж олгох юм.

Ингэснээр нэгэнт үхэх нь тодорхой болсон өвчтөнүүдэд зовлонгоо богиносгох, хувь заяагаа хянах боломж олгоно гэж хуулийг санаачлагчид үзэж байна.

Харин эсэргүүцэгчид нь эдгэршгүй өвчтэй хүмүүс өөрийн сайн сайхны төлөө гэхээсээ илүүтэй гэр бүл, нийгэмдээ гай болохоос айсны улмаас ийм шийдвэр гаргадаг болох магадлалтай гэж үзэж байгаа ажээ.

Бас хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө судлах хангалттай хугацаа өгөөгүйг шүүмжилцгээж байна.

Өчигдөр болсон анхны санал хураалтын дараа хуулийн төслийг парламентын хоёр танхим дахин хэлэлцэж, шаардлагатай өөрчлөлтүүдийг нэмсний дараа эцэслэн батлах юм.

Төслийг өргөн барьсан Хөдөлмөрийн намын хууль тогтоогч Ким Лидбитер уг үйл явцыг зургаан сар үргэлжлэхээр тооцоолж байгаагаа мэдэгджээ.

Хуулийн төсөл парламентад өргөн баригдахаас өмнө энэ асуудлаар Британи даяар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж, ерөнхий сайд Кир Стармер, түүний засгийн газрын гишүүд, шашны удирдагчид, шүүх, хуулийн байгууллагынхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг бүх талын төлөөлөл оролцож байв.

Санал асуулгуудаас Британичуудын дийлэнх хэсэг ийм хуультай болохыг дэмжиж байгаа нь харагджээ.

 

Эх сурвалж: Reuters