Уншиж байна ...

"Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 111.2 мянган иргэн бий. Тэдэнд хүргэх нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх шаардлагатай"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо 2024" Үндэсний чуулганыг зохион байгууллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал сэдвээр илтгэл” танилцуулсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгой анхаарч 300 хүүхдийн хүчин чадалтай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрыг байгуулахад шаардлагатай 24 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгуулсан.  

Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлж, боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 1,100 гаруй хүүхдийг Дэмжих төвийн үйлчилгээнд хамруулна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Монгол Улсын барилга байгууламж, явган хүний зам талбай, тээвэр, мэдээллийн технологи зэрэг салбарын үйлчилгээ хангалтгүй байгааг ч онцоллоо.

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302,5 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ үеэр сайд Л.Энх-Амгалан "2023 оны жилийн эцсийн байдлаар 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 12.7 мянга нь хүүхэд байна. Энэ бол 3.5 сая хүн амтай улсад харьцуулахад өндөр тоо.

Мөн 15.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй байгааг онцолъё.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгох чиглэлд бодлогоо чиглүүлэх, санхүүжилтээ нэмэгдүүлж, бэрхшээлийнх нь онцлогт тохирсон ажлын байрны шинэлэг хэлбэр, үйлчилгээг хөгжүүлэх шаардлага байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн бэрхшээлийнх нь онцлогт тохирсон нийгмийн үйлчилгээний зураглал гаргахаар ажиллаж байна. Ингэснээр асуудлаа цогцоор нь харж, эрхзүйн орчноо шинэчлэх юм.

Түүнчлэн зарим хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тодруулбал 25-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах ёстой. Хэрвээ ажиллуулаагүй бол тодорхой төлбөр төлөх ёстой" гэж ярьсан юм.

Өнөөдрийн Үндэсний чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.