Азербайжан улс Ираны нисгэгчгүй онгоцны халдлагын хариуд арга хэмжээ авахаа анхаарууллаа
Пүрэв гарагт Ираны талаас хоёр нисгэгчгүй онгоц хөрш Азербайжан улсын Нахчиван мужийн нутагт халдаж, дөрвөн хүнийг шархдуулсан байна.
Тус улсын батлан хамгаалах яам уг хэрэг явдалтай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ “Энэ халдлагыг зүгээр өнгөрөөхгүй” гэж анхааруулжээ.
Азербайжаны эрх баригчид “улсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, ард иргэд болон иргэний байгууламжуудын аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай хариу арга хэмжээг авахаар бэлдэж”, халдлагад ашигласан нисгэгчгүй онгоцны төрлийг судалж байгаагаа мэдэгдэлд дурдсан байна.
Хариуд нь Ираны гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади тус улс Нахчиванд санаатай халдсанаа үгүйсгэжээ.
“Бид хөрш зэргэлдээ орнууд руугаа халддаггүй” гэж тэр Азербайжаны хэвлэлд ярьсан байна.
Азербайжаны гадаад хэргийн яам Баку дахь Ираны элчин сайдад илгээсэн эсэргүүцлийн ноот бичигтээ “асуудлыг аль болох богино хугацаанд тодруулж, тайлбар өгч, ирээдүйд ийм явдал давтагдахаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авахыг” шаарджээ.
Бакугийн эрх баригчид сүүлийн жилүүдэд Турк, Израил улсуудтай эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсон нь Азербайжан, Ираны харилцааг хурцатгаад байгаа.
Иран улсын хүн амын дотор азербайжан угсаатнууд томоохон байр суурь эзэлдэг.
Нахчиван бол Азербайжаны үндсэн газар нутгаас хуурай газраар таслагдсан муж юм. Өөрөөр хэлбэл Азербайжаны бусад нутгаас Нахчиванд хуурай замаар хүрэхийн тулд заавал хөрш Армени, эсвэл Ираны нутгаар дамждаг.
Өчигдөр Ираны хилээс 10 км зайд оршдог Нахчиваны Олон Улсын Нисэх буудлын терминалын барилга дээр нэг дрон, ойролцоох тосгоны сургуулийн барилгын дэргэд бас нэг дрон унажээ.
Энэ үеэр шархадсан дөрвөн хүний биеийн байдал тогтвортой байгааг мужийн эрүүл мэндийн алба мэдээлсэн байна.
Азербайжан улс 2021 онд НАТО-гийн гишүүн Турк улстай холбоотны гэрээ байгуулсан бөгөөд үүнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа багтдаг.
Лхагва гарагт Турк улсын агаарын орон зайг чиглэсэн Ираны баллистик пуужинг НАТО-гийн агаарын довтолгооноос хамгаалах систем устгасан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
