ikonmn 


 

Нүүдэлчдийн өвийг тээгч БАЯН-ӨЛГИЙЧҮҮД

Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий аймгаас бэлтгэсэн ФОТО сурвалжилгыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Өлгий хотынхон өвөлдөө гэрээ хурааж цөм байшинд амьдарцгаана. Харин хаврын урь орохтой зэрэгцэн гэрээ барьж, хээ хуараар чимэглэж урласан хатавчаа өлгөж, хивсээ дэвсэж хамаг гоёлоо дэлгэн засдаг.

Монголын мусульман шашны холбооны “Бэрх хан” төв мечеть

"Хүн амын 90-ээд хувьд нь казах үндэстэн, үлдсэн 10 хувьд нь тува, дөрвөд, урианхайчууд амьдардаг. Казах үндэстний дийлэнх нь исламын шашин шүтдэг"

@president.mn
@mpa
@mpa

Сүмийн гадна Монголын мусульман шашны холбооны “Бэрх хан” төв мечеть хэмээн хаяглажээ.

Найрамдал толгой

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын гол цэг бол Найрамдал толгой. "Улаанбаатарт Зайсан толгой байдаг бол Өлгий хотод Найрамдал толгой бий" гэж нутгийн иргэн адилтган хэлж байлаа. Дөрвөн улирлын өнгө энэ л өндөрлөг цэгээс хамгийн тод харагддаг гэлтэй.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум

Монголын казахууд XVIII зууны дунд үеэр Алтайн уулсыг давж Ховдын хязгаарт нүүж суурьшсан түүхтэй.

Өлгийчүүд  

Баян-Өлгий аймагт анх 33,000 хүн амьдарч байсан бол одоо 120,000 гаруй хүн амтай болжээ.

Төв талбай

1940 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Баян-Өлгий аймгийг үүсгэн байгуулсан түүхтэй. Түүнээс өмнө энэ аймаг Ховд аймгийн харьяанд байсан.

13 настай бүргэдчин

Тэд үндэстний язгуур соёл, түүний агуулга, шинж чанарыг хадгалан бүргэдээр ан ав хийх соёлыг тээж яваа хүмүүс.

 

Өд, далавч нь ургаж гүйцээд нисэхэд бэлэн болсон залуу бүргэдийг гаршуулан сургаж ирсэн түүхтэй. Үүрнээс нь авсан залуу бүргэдийг "Кол бала" буюу "Гарын хүү", байгаль дээрээс барьсан бүргэдийг "Тирнек" хоёр настай бүргэд, "Тастүлек" буюу "Чулуун өд", "Музбалах" буюу "Мөсөн өд" гэж дуудна.

Дэлхийн хамгийн олон бүргэдчинтэй улс Монгол

Дэлхийн хамгийн олон бүргэдчид манай улсад байдаг ба 250 гаруй бүргэдчинтэй юм. Байгалиас бүргэдийг шилэн сонгож, барих нь туйлын хэцүү.

 

Анч зоригтой "Кыран" бүргэдийг танин мэдэж, гаршуулах тэжээх нь бүргэдчин бүрийн хүсэл мөрөөдөл. 

 

Бүргэдчидийн гэр өргөө

Бүргэдчид голцуу өндөг дардаг эм бүргэдийг барьж, гарт дасгаж гаршуулдаг уламжлалтай. Эм бүргэд эрийгээ бодоход бие том, зоригтой, анч шаламгай байдаг байна.

3600 ВИДЕО: Олон тал руу нь чиглүүлэн үзнэ үү


Баян-Өлгий аймгийн музей 

Баян-Өлгий аймгаас төрөн гарсан нэрт зохиолчид бол Бөхийн Бааст, Чинагийн Галсан билээ. Б.Бааст нь 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд мэндэлсэн. Тэрбээр өөрийн гэсэн өнгө аястай яруу найраг, утга зохиолын өвөрмөц бүтээлүүд туурвиж, Монголын яруу найраг, утга зохиолыг дэлхий нийтэд сурталчлан таниулах болон Монголын шинэ үеийн уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолч.

 

Мөн Чинагийн Галсан 1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрж өссөн. Герман хэлээр уран бүтээлээ туурвидаг Монголын нэрт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар юм.

Б.Баастын нэрэмжит хоёрдугаар сургууль

Түүний бүтээлүүдээс дурдвал:

  • "Гурван ишиг" /1957/
  • "Хөөрхөн Баадий" /1959/
  • "Бушуу туулай" /1967/ өгүүллэг
  • "Алтайн цэцэг" /1965/
  • "Хунгийн дууль" /1970/
  • "Хөвчийн бор" /1977/ зэрэг 60 гаруй түүвэр
  • "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиолыг бичсэн.

Солонгос аялагч Ким Мүнки

Баян-Өлгий аймагт 2024 онд гадаадын аялагчдаас 14.2 тэрбум төгрөг, дотоодоос 15.7 тэрбум төгрөгийн орлого зах зээлд эргэлджээ. 2025 оны эхний есөн сарын байдлаар гадаадын 20,048, дотоодын 27,000, нийт 47,048 аялагчид Баян-Өлгий аймгийг зорин ирсэн байна. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 48 аж ахуйн нэгж байгууллага аялал жуулчлалын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Бүргэдчин С.Аманкелди гуайн гэрт

Өлгийчүүд зочломтгой зантайн зэрэгцээ гэрийн тэжээвэр амьтдад хайртай гэдэг нь илт. Бидний зочилсон ихэнх айл муур, нохой тэжээж байлаа. 

Тува айл 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Шивээт хайрхан уулынхаа нөмөрт Гопаны Ганзоригийнх өвөлжиж байв. 

 

Алтайн уулсаар хүрээлэгдсэн энэ өндөрлөг бүс нутагт тува, урианхай, дөрвөд, казах үндэстэн ястан мал сүргээ өсгөн үржүүлж, жилийн дөрвөн улирлын аясыг даган нүүдэллэдэг. 

Аймгийн аварга малчин А.Муздафигийн гэргий Г.Амангүл

Баян-Өлгий аймгийн хошой аварга малчин өрх цаашид улсын аварга малчид болох зорилготой.

42 жил оёдолчноор ажиллаж буй Ж.Бахытгүл

"Намайг Бахытгүл гэдэг. Монголоор орчуулбал Жаргалцэцэг" хэмээн өөрийгөө танилцуулав. Тэрбээр 16 настайгаасаа эхлэн оёдолчноор ажиллажээ. 

Үйлэнд уран ээж Т.Өркен

Тэрбээр 14 настайгаасаа эхлэн 60 хүртлээ оёдол хатгамал урлаж яваа нэгэн. Т.Өркен оёдолчноор ажиллаж эхэлсэн цагаасаа хойш 1,000 гаруй малгай урласан.

Буган чулуу

Баян-Өлгий аймагт хөдөө айлуудаар явах замд хадны сүг зураг, буган чулуун хөшөөтэй хаа нэг таарна. Буган чулуу нь эртний нүүдэлчдийн оюун санаа, урлаг, түүхийг илэрхийлсэн үнэ цэнтэй дурсгалд тооцогддог билээ. 

Үр хүүхэд заяадаг гэлцэх Өлгий овоо

Нутгийн иргэдийн ам дамжсан яриагаар хүүхэдгүй хүмүүс үр хүүхэд гуйж залбирдаг овоо Цэнгэл сумын Загаст нуурын бригадын ойролцоо цагаан голын гүүр дөхөх замд бий. 

Хурим

Казах ёсонд охиноо хадамд гаргаж буй ээж бүх эдлэл хэрэгслийг нь өөрөө оёж өгдөг. Аз жаргал, сайн сайхныг бэлгэдэж улаан, цагаан өнгийг залуу бүсгүйчүүд сонгож хуримын гоёлоо бэлдэх нь түгээмэл.

 

Ажил, амьдралын зам нь үргэлж дардан байхыг бэлгэдэж ЭЭЖ нь охиндоо уран хээгээр шаглаж урласан бэлгээ дурсгана.

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Н.Шынболат

Баян-Өлгий аймгийн Соёлын биет бус өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд 603 өвлөн уламжлагчийг бүртгэжээ. Гэрийн модыг уламжлалт аргаар хийдэг цөөн өвлөн уламжлагчдын нэг бол Н.Шынболат юм.

 

 

Казах модон ор

Казах үндэсний модон ор нь хүний толгой, хөлийг дээш үл ялиг өргөнө. Налуу байдал нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж цусны эргэлтийг сайжруулан, сайн амраадаг аж.

 

Нүүдлийн үед малчид байнга морь унаж явдаг байсан учраас хөлөө өргөж унтах нь биеийн ядаргааг хурдан тайлах арга байжээ. Энэхүү орыг тэмээнд ачихад тохиромжтой, 5-6 хэсэг болж салдаг байна.

Шүтлэгт Шивээт хайрхан

Нутгийн иргэд Шивээт хайрхныг ихэд шүтдэг. Энэ хайрханд ирвэс, янгир элбэг. Догшин хайрхан тул ан амьтныг нь авч, ан гөрөө хийж буудаж болохгүй. 

Аварга малчин А.Муздафигийн дунд охин

Өвлийн амралтаараа хөдөө гэртээ ирж аав, ээждээ тусалж байв. 

Булш

Казахуудын оршуулгын ёс нь исламын шашны зан үйл, мөн нүүдэлчин ахуй соёлын уламжлалын нөлөөгөөр бүрдсэн байдаг.

Баян-Өлгий аймгийн музей

Өнгөрсөн онд 26,000 гаруй хүнийг хүлээн авчээ. Зуны саруудад гадаад, дотоодын жуулчид хамгийн их ирдэг байна. Үүний зэрэгцээ үзэгчдийн дийлэнх хувийг хүүхэд багачууд бүрдүүлдэг. 

 

Өлгий хотын нэг өдөр

Баян-Өлгий аймгийн төвд 32,000 гаруй хүн амьдарч байна.

Хүн ам

Манай улсын нийт хүн амын 3.4 хувь нь казах үндэстэн. 

Хөдөө

Уул ус, овоо тахилга, ан амьтад, онгон дагшин байгалийг шүтэж ирсэн нүүдэлчдийн амьдралын амар амгаланд хэн бүхэн татагдана.

Аймгийн төв

Баян-Өлгий аймаг казах-урианхайчуудын аймаг нэртэй 1940 онд байгуулагдсан. Хүн амын тоо 120,000 гаруй байгаагийн 93 хувь нь казах үндэстэн.