Индэр    
1 цаг 24 минутын өмнө
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Солирын чулуунаас эхлээд эртний баатрын өвч хуягийг хадгалсан Өлгий хотын МУЗЕЙ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баян-Өлгий аймгийн музейн онцлох үзмэрүүдийг уншигч Та бүхэнд танилцуулж байна. 

Тус музейн архитектур дизайныг бүргэдчин хүний малгайг дүрсэлж 1988 онд дахин засварлаж барьжээ. 

Социализмын үеийн хамгийн сүүлийн үеийн барилгуудын нэг хэмээн үздэг гурван давхар энэ музейд 15 дугаар зууны үеийн баатрын өвч хуяг, Сагсай сумын нутгаас олдсон солирын чулуунаас эхлээд байгаль, угсаатны зүй, казах үндэсний өв уламжлалыг илтгэх олон үнэт үзмэрийг хадгалж байна. 

Гадаад, дотоодын жуулчдын хамгийн ихээр сонирхдог онцлох үзмэрүүдийг музейн тайлбарлагч М.Айсулу бидэнд тайлбарласан юм. 

1.Казах гэр

Монгол гэрээс ялгарах гол онцлог нь унины хэлбэр хийцэд оршино. Казах гэрийн унь матмал махирдуу хийцтэй учраас өндөр шовгор харагддаг. Унь нь 2-3 метр урттай бөгөөд сүүл хэсгийг матаж хийснээрээ онцлог. 

ВИДЕО: Баян-Өлгий аймгийн музей

2.Уран сийлбэр хийцтэй модон ор

Казах үндэсний модон ор нь хүний толгой, хөлийг дээш үл ялиг өргөнө. Налуу байдал нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж цусны эргэлтийг сайжруулан, сайн амраадаг аж. Нүүдлийн үед малчид байнга морь унаж явдаг байсан учраас хөлөө өргөж унтах нь биеийн ядаргааг хурдан тайлах арга байжээ. 

Энэхүү орыг тэмээнд ачихад тохиромжтой, 5-6 хэсэг болж салдаг байна.

Эдийн соёл бол нүүдэлчдийн оюуны чадамжийг батлан харуулах тод жишээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

3. Солирын чулуу 

Энэхүү хондрит чулууг 1990-ээд онд Сагсай сумын нутгаас олж, Баян-Өлгий аймгийн музейд байршуулжээ. 

Дэлхийд бууж байгаа солирын чулууны 85 хувь нь хондрит буюу чулуун бүтэцтэй. Үүний тавхан хувь нь төмөр бүтэцтэй байдаг. Энгийнээр тайлбарлавал энэ бол гүйцэд шатаагүй солир. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

4. АЛТАЙ ТАВАН БОГД ХАЙРХНЫ ЗУРАГЛАЛ

Хүйтний оргил, Малчин, Энхтайван, Найрамдал, Потанины нэрэмжит мөсөн голын зураглалыг дэглэн харуулжээ. 

Баян-Өлгий аймгийн нийт газар нутгийн 95.3 хувь нь далайн түвшнээс 1,300-4,000 метрийн өндөрт өргөгдсөн хамгийн өндөрлөг бүс нутаг. Тиймээс аргаль, угалз, янгир, цоохор ирвэс их амьдардаг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

5. Эртний Баатрын өвч хуяг

15 дугаар зууны үеийн баатрын дайн тулааны үед хэрэглэж явсан өвч хуягийг 2000 онд олжээ.

Энэхүү археологийн олдворыг Баян-Өлгий аймгийн музейн ажилчид Алтай Таван Богд уул руу судалгаагаар явж байхдаа олсон байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

6. Шашны холбогдолтой эд зүйлс

Одоогийн Сагсай сумын газар нутагт Сагсай хүрээ нэртэй хийд 1760-аад оны нүүдлээр бий болсон. 400 орчим лам шавилан суудаг байсан тус хийдийг 1935 оны их хэлмэгдүүлэлтийн үед нураажээ. 

Улмаар тэр хавийн нутгаас олдсон буддын шашны холбогдолтой 26 ширхэг эд өлгийн зүйлсийг Сагсай сумын захиргаа 1960-аад оны үед музейд тушааж өгсөн байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

7. Толбо нуурын тулалдааны 10 дахь хоног

1921 оны есдүгээр сард цагаантны 5,000 цэрэг улаан армийн 300 цэргийг бүсэлж авсан. Энэхүү тулалдааны 10 дахь хоногийг дүрсэлсэн зураг манай музейд хадгалагдаж байдаг хэмээн музейн тайлбарлагч ярив. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

8. Казах эмээл

Казах эмээлийн урд бүүрэг нь эгц, хойд бүүрэг нь хойшоогоо налуу хүн чөлөөтэй суух боломжтой үндсэндээ хавтгайдуу хэлбэр хийцтэй байгаагаараа онцлог аж. 

Казах эмээлийг Керей эмээл, Найман эмээл гэж хоёр ангилдаг ба хэрэглээний шинж чанараар ердийн, гоёлын бөгөөд зориулалтаар нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэх зэргээр ангилдаг байна. Эмэгтэй эмээл нь эрэгтэй эмээлээс хийцээрээ том байдаг байна. Энэ нь эмэгтэй хүн урдаа өлгийтэй хүүхдийг авч явахад тохиромжтой гэж үзсэн байдаг.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

9. Хээ хуараар чимэглэсэн хувцас

Казах үндэсний дээлийг төрөл бүрийн эдээр өнгө хослуулан олон төрлийн хээ угалз гаргаж урладаг.

Голцуу хээ хуараар чимэглэсэн хувцас өмсдөг нь эмэгтэйчүүдийн уран чадварыг батлан харуулах илэрхийлэл, өв соёлоо сурталчлан таниулах тэмдэг болдог байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баян-Өлгий аймгийн музейд хадгалагдаж буй бусад үзмэрийн гэрэл зургийг хүргэж байна. 

Фото: