Европын орнууд Улаан тэнгисийн ачаа тээврийн урсгалыг хамгаалж, Киприйн аюулгүй байдлыг хангана
Ойрх Дорнодын бүс нутагт үргэлжилж буй дайнтай холбоотойгоор Улаан тэнгисээр дайрдаг ачаа тээврийн урсгалыг хамгаалах, Кипр улсын аюулгүй байдлыг хангах тал дээр хамтран ажиллах болсноо Европын гүрнүүд өчигдөр зарлажээ.
Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт оршдог Кипр арал улс нь Европын Холбооны гишүүн юм. Даваа гарагт тус улс дахь Их Британийн агаарын бааз нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн нь дайн Персийн булангаас хальж, Газрын дундад тэнгист тэлэх эрсдэлийг нэмэгдүүлээд байна.
Итали, Испани, Франц, Нидерланд улсууд ойрын өдрүүдэд Кипр улс руу тэнгисийн цэргийн зэвсэг техникээ илгээхээр болсныг Италийн батлан хамгаалахын сайд Гидо Кросетто өчигдөр мэдэгджээ.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр бас Итали, Грек улсуудын ерөнхий сайд нартай утсаар ярихдаа “Улаан тэнгисийн ачаа тээврийн урсгалыг хамгаалж, Кипр улс руу зэвсэг техник илгээх ажлыг хамтран зохион байгуулахаар” тохиролцсон байна.
Гэхдээ тэд дайнд шууд оролцохгүй байх хатуу зарчим илэрхийлсэн нь урт хугацааны холбоотон АНУ-ын оролцож буй мөргөлдөөнд тэнцвэртэй байр сууринаас хандахыг эрмэлзэж буйг харууллаа.
“Бид дайнд оролцоогүй бөгөөд оролцохыг хүсэхгүй байна” гэж Пүрэв гарагт Италийн ерөнхий сайд Жоржа Мелони хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Өчигдөр бас Их Британийн батлан хамгаалахын сайд Жон Хили агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэх асуудлаар Киприйн батлан хамгаалахын сайдтай уулзаж ярилцсан байна.
“Ираны зүгээс заналхийлж буй аюулын өмнө Их Британи, Бүгд Найрамдах Кипр Улсын хоорондын урт хугацааны нөхөрлөл бат бөх байх болно” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Их Британи улсын хувьд Ираны эсрэг дайнд шууд оролцохгүй байгаа ч бүс нутаг дахь цэргийн баазуудаа АНУ-д зөвхөн хамгаалалтын зорилготой үйл ажиллагаанд ашиглуулахаар болсон.
Кипр дэх тус улсын Акротири баазад халдсан дроныг Ираны холбоотон Хезболла зэвсэгт бүлэг Ливаны нутаг дэвсгэрээс харвасан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.
АНУ-д цэргийн баазаа ашиглуулахаас татгалзсан Испани улс агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай "Кристофер Колумбус" байлдааны хөлгөө Кипрт илгээхээр болсныг зарлажээ.
Уг хөлөг нь тус улсаас Туркийн нутагт байрлуулсан Патриот пуужингийн системийг дэмжиж ажиллах юм байна.
Нидерландын засгийн газар Лхагва гарагт улам бүр аюултай болж байгаа далайн тээвэрлэлтийг хамгаалах арга замыг судалж эхэлснээ мэдэгдэж байв.
Италийн ерөнхий сайд Жоржа Мелони тус улс өөрийнхөө иргэдийг хамгаалах зорилгын хүрээнд Персийн булангийн орнууд агаарын довтолгооноос хамгаалах системээр туслах хүсэлт ирүүлбэл зөвшөөрөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.
“Тэнд бидний хамгаалах ёстой, хамгаалахыг хүсэж байгаа хүмүүс бий” гэж тэр RTL 102.5 радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.
Францын эрх баригчид зарим баазууддаа АНУ-ын байлдааны хөлгүүдийг түр хугацаагаар байрлуулах зөвшөөрөл өгсөн тухай Парисын албаны эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ үүнд тус улсын Ойрх Дорнодын бүс нутаг дахь баазууд хамаарахгүй юм байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
