Г.Занданшатар: "Тунгалаг Тамир"-ыг уншаарай. Өвөл, зунгүй морь уралдуулж байсан. Цахиур Төмөрийн морийг Түгжил хулгайлаад, уралдуулж байсан түүхэн уламжлал бий
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхны хурал өнөөдөр боллоо.
Ерөнхий сайдын ахалдаг үндэсний зөвлөлийн хуралдаанд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцжээ.
Энэ үеэр "Хөөрхөн зүрх" төрийн бус байгууллагын зохицуулагч Б.Оюундарь хүүхэд хамгааллын чиглэлийн төсвийг багасгасанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн тэрбээр "Сүүлийн үед хурдан морь унаач хүүхдийн асуудал дээр уяачид маш их акц өрнүүлж байна. Энэ асуудалд яагаад Засгийн газар эсвэл Т.Аубакир сайд манлайлж үг хэлэхгүй байгаа юм бэ. Аль хэдийнээ Засгийн газрын тогтоол, шүүхийн шийдвэр гарсан байгаа. Гэтэл уяачид маш олноороо акц өрнүүлж байна. Тэдэнд хаврын морин уралдааныг сэргээж, хүүхдээр морь унуулна гэдэг итгэл байгаа хэрэг үү.
Хүүхдэд ээлтэй орчин, хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийг бий болгоно гэж байна. Тэгвэл хүүхдэд ээлтэй өв соёлыг бий болгоё гэдэг зорилт тавья л даа.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд таныг яг энэ индэр дээрээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад хаврын морин уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахгүй гэдэг Засгийн газрын тогтоол, шүүхийн шийдвэр гарсан гэдгийг уяач нарт зоригтой хэлээсэй гэж хүсэж байна" гэсэн юм.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар "Нэг талдаа Монгол наадам, морин уралдаан бол өв соёл. Швейцарт "Та нар хөлд ороод морь унадаг бол бид хөлд ороод л цана углаж Альпийн нуруундаа гулгадаг" гэдэг. Тэнд бас л хүүхдийн эрхийн асуудал яригддаг. Гэхдээ тэр бол өв соёл. Нэг талаас хааж хориглоод байгаа зүйл эрсдэл дагуулдаг. Хулгайгаар нууцаар морин уралдаан зохион байгуулаад хүүхдийн амь нас эрсдэх тохиолдол гарч байна.
Та нар "Тунгалаг Тамир" гэдэг романыг уншаарай. Өвөл, зунгүй л морин уралдаан зохион байгуулж байсан. Цахиур Төмөрийн морийг Түгжил хулгайлж аваад уралдуулж байсан түүхэн уламжлал байгаа юм. Чингис хааны найман шаргыг хүртэл хулгайлж байсан. Адууны хулгай Чингис хааны үед ч байсан гэдэг шиг. Энэ бол Монголын өв соёлтой салшгүй нөхцөлдсөн хандлага. Гэхдээ хүүхдийн амь нас хамгийн чухал байх ёстой.
Тэгэхээр уяачдын холбоо болон хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагууд суугаад, хэлэлцүүлэг хийгээд, энэ асуудлыг нэг мөр болгож цэгцэлмээр байна" гэдэг хариулт өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






