Ираны дроныг устгах мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай Зеленский мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодод үргэлжилж буй дайны талбарт Ираны нисгэгчгүй онгоцыг эсэргүүцэх мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр уг хүсэлтийг хүлээн авч, мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаныхандаа үүрэг болгосон гэнэ.

Дөрвөн жил гаруй хугацаанд үргэлжилж буй дайны турш Украин улс нисгэгчгүй онгоцны халдлагаас хамгаалах хямд бөгөөд үр дүнтэй зэвсэг техникийг хөгжүүлсэн нь өнөөдөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн гэдэг.

Ийм дрон эсэргүүцэгч зэвсгээр бусад агаарын довтолгооноос хамгаалах системийг нь солилцох саналыг Мягмар гарагт Ойрх Дорнод дахь АНУ-ын холбоотнуудад Зеленский тавьж байсан юм.

“Ойрх Дорнодын бүс нутагт “шахедууд”-аас хамгаалахад тодорхой дэмжлэг үзүүлэх хүсэлтийг бид АНУ-аас хүлээж авсан” гэж өчигдөр тэр сошиал хуудсаараа мэдээлжээ.

Шахед гэдэг нь Иранд зохион бүтээж, үйлдвэрлэсэн дроны брэнд нэр юм.

“Би шаардлагатай техник хэрэгслээр хангах, аюулгүй байдлыг хангаж чадах Украины мэргэжилтнүүдийг илгээх даалгавар өгсөн” гэж тэр нэмж мэдээлжээ.

Гэсэн хэдий ч өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох хүчин чармайлтад саад учруулж буйд Зеленскийг буруутгасан байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин илэрхийлсэн байна.

Нэг жил орчим хугацааны өмнө Цагаан ордонд Трамп, Зеленский нар маш ширүүн уур амьсгал дунд нүүр тулан уулзаж байсан юм.

“Зеленский санаачилгыг гартаа авч, тохиролцоонд хүрэх ёстой. Тэр саад тотгор учруулж байгаа нь санаанд багтамгүй зүйл юм. Түүний гарт хөзөр байхгүй. Одоо түүнд бүр ч цөөхөн хөзөр байгаа” гэж Politico сайтад өгсөн ярилцлагадаа Трамп хэлжээ.

Тэрбээр 2025 оны нэгдүгээр сард Цагаан ордонд буцаж ирсэн эхний өдрөө Украины дайныг зогсоохоо амлаж байсан ч өнөөдрийг хүртэл чадахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: AFP