Ираны дараагийн удирдагчийг сонгоход оролцох хүсэлтэй байгаагаа Трамп илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэвлэлд ярихдаа Аятолла Али Хаменигийн хүүг “хүлээн зөвшөөрөх боломжгүй сонголт” гэж тодорхойлоод Ираны дараагийн удирдагчийг сонгоход оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Axios мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа тэр “Бид Иранд эв найрамдал, энх тайвныг авчрах хүнийг хүсэж байна. Би Дэлсийг сонгосонтой адил энэ томилгоонд оролцох ёстой” гэж хэлсэн байна.

Николас Мадурог баривчилсны дараа Венесуэлийн түр ерөнхийлөгчөөр Дэлси Родригесыг томилоход нөлөөлснөө Трамп энд дурджээ.

Агаарын цохилтын үеэр алагдсан Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменигийн залгамжлагчаар түүний хоёр дахь хүү Можтаба Хамени томилогдох магадлалтай болоод байгаа.

Трамп өчигдөр ярихдаа түүнийг “хэтэрхий хөнгөдөх хүн” гэж тодорхойлжээ.

Иранд хүлээн зөвшөөрөгдөхүйц удирдагч тодрохгүй бол таван жилийн дотор АНУ дахин довтолж болзошгүйг Трамп анхааруулсан байна.

Ираны дээд удирдагчийг АНУ-ыг эрс эсэргүүцдэг шийтийн шашны ахлагч нарын чуулганаас томилдог бөгөөд тэдний шийдвэрт Трамп нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй юм.

Пүрэв гарагт Конгрессын төлөөлөгчдийн танхимын зэвсэгт хүчний байнгын хороонд мэдүүлэг өгөхдөө батлан хамгаалахын бодлогын дэд сайд Элбриж Колби өнөөдөр Ойрх Дорнодод өрнөж буй үйл явдлыг “дайн” гэж нэрлэхээс татгалзаж, “одоогийн шатанд цэргийн ажиллагаа” гэж нэрлэвэл зохихыг мэдэгджээ.

Трампын засаг захиргаа Ираны эсрэг явуулж буй байлдааны ажиллагаагаа “Operation Epic Fury” гэж нэрлэж байгаа. Энэ нь Трампыг хилийн чанадад дайн эхлүүлэхдээ АНУ-ын үндсэн хуулийн дагуу Конгрессоос зөвшөөрөл аваагүй гэсэн шүүмжлэл нэмэгдэж байгаатай холбоотой бололтой.

Лхагва гарагт Трампын эрх мэдлийг хязгаарлах Сенатын хуулийн төсөл олонхын дэмжлэг авч чадаагүй юм.

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи өчигдөр тус улсын арми ямар ч хуурай замын довтолгоог няцаахад бэлэн байгааг мэдэгдэж, хэрэв ийм алхам хийвэл дайснуудынх нь хувьд “том гамшиг” болохыг анхааруулжээ.

NBC сувгаар ярихдаа тэр “Бид тэднийг хүлээж байна” гэж хэлээд хэрвээ ингэвэл Ираны зэвсэгт хүчин АНУ-тай тулгарч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Шинэ дээд удирдагчийг сонгох тухай Трампын байр суурийн талаар Арагчи “энэ бол Ираны ард түмний шийдэх асуудал бөгөөд үүнд хэн ч саад болж чадахгүй” гэж мэдэгджээ.

Тэр бас Иран улс АНУ, Израилийн талд гал зогсоох хүсэлт гаргаагүй, Вашингтонтой яриа хэлэлцээ эхлүүлэх ямар ч шалтгаан байхгүйг хатуу мэдэгдсэн юм.

Хөдөлгүүр нь гэмтсэн Ираны байлдааны “IRIS Bushehr” хөлөгт өөрийн усан хилд нэвтрэх зөвшөөрөл өгч, түүн дээр байсан 208 хүнийг нүүлгэн шилжүүлснээ Шри Ланка улсын ерөнхийлөгч Анура Кумара Диссанаяаке өчигдөр мэдэгджээ.

Өмнөх өдөр нь АНУ-ын шумбагч хөлөг тус улсын эргээс холгүй Ираны өөр нэг байлдааны хөлгийг живүүлсэн юм.

“IRIS Dena” нэртэй уг хөлөг живэхэд багийн гишүүн 84 хүн амь үрэгдсэн.

Дээрх хоёр хөлөг саяхан Энэтхэгийн далайн зүүн хэсэгт зохион байгуулагдсан байлдааны сургуулилалтад оролцоод Иран руу буцаж байжээ.

“Бид төвийг сахих гадаад бодлогынхоо хүрээнд хүмүүсийн амь насыг аврах арга хэмжээ авсан” гэж Шри Ланкын ерөнхийлөгч телевизээр ард иргэддээ хандаж тайлбарласан байна.

Лхагва гарагт Ираны байлдааны хөлгийг живүүлсэн талаар Пентагоны тэргүүн Пит Хэгсэт “Чимээгүй үхэл. Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш дайсны хөлөг онгоцыг шумбагчаас харвасан пуужингаар живүүлсэн анхны тохиолдол. Тэр дайны үед манай яам одоогийнх шигээ Дайны Яам нэртэй байсан. Бид ялахын төлөө тулалдаж байна” гэж Fox News сувгаар ярьжээ.

Аббас Арагчи энэ халдлагыг буруушааж, ийм жишиг тогтоосондоо Вашингтон “харамсах” цаг ирэхийг анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Reuters