Ю.Жаргалсүрэн: Хотоо цэвэр цэмцгэр байлгахад өөрийнхөө чадах зүйлээр 13 дахь жилдээ хувь нэмрээ оруулж байна
“Их хотын бүсгүйчүүд 2026” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж, үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэйгээр "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Ю.Жаргалсүрэн шалгарчээ.
Тэрбээр энэ үеэр "Зам, талбайн үйлчлэгчээр 13 жил ажиллах хугацаандаа ажиллахдаа удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хариуцсан гудамж, зам талбайгаа цэвэрлэдэг. Нэг хүн өдөрт 10,000 м.кв талбайг цэвэрлэдэг юм.
Улаанбаатар хотын хөгжилд манай эмэгтэйчүүд хувь нэмрээ оруулж байгаа. Би бас өөрийнхөө чадах зүйлээр хувь нэмрээ оруулж байна.
Сүүлийн үед хүний гар ажиллагаа хөнгөвчлөх багаж, төхөөрөмжийн хангамж сайжирсан. Хотоо цэвэр цэмцгэр байлгахад өөрийн хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна.
Монголын бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе" гэлээ.
Ю.Жаргалсүрэн нь "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-т зам талбайн үйлчлэгчээр 13 ажиллаж байгаа туршлагатай нэгэн аж.
Түүнийг өмнө нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөл, НИТХ-ын “Хүндэт тэмдэг”, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байжээ.
Нийслэл хотын салбар, салбарын шилдгээр тодорсон эмэгтэйчүүд:
- “Бизнесийн салбарын шилдэг” номинацид “БОСА Кондитер" ХХК-ийн Монконди чихрийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал С.Ариунцэцэг
- “Боловсролын салбарын шилдэг” номинацид Нийслэлийн 246-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг
- “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ-ын Ёслол, үйлчилгээний албаны дарга Б.Амгалан
- “Спортын салбарын шилдэг” номинацид МУГТ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, Жудо бөхийн тамирчин Л.Энхрийлэн
- “Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Монгол Улсын Ардын Жүжигчин Ш.Чимидцэеэ
- “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх баригч Б.Оюунчимэг
- “Алдарт эх” номинацид өдгөө 88 нас сүүдэр зооглож буй буянтай буурал ижий, 12 хүүхэд төрүүлж өсгөсөн Я.Төмөр
- “Мөрдөстэй эмэгтэй” номинацид Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Сэржмядаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
