Уншиж байна ...

Таван жилийн өмнө гал түймэрт сүйрсэн Парисын Дарь эхийн сүмийг нээхэд бэлэн болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

2019 онд гал түймэрт ноцтой сүйдэж байсан Парисын Дарь эхийн (Нотр Дам) сүмийг сэргээн засварлах ажил дуусаж, нээхэд бэлэн болжээ.

Сүмийг ирэх долоо хоногийн амралтын өдөр олон нийтэд нээх бөгөөд өчигдөр Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон сэргээн босголтын үр дүнтэй биечлэн танилцсан байна.

850 жилийн настай дундад зууны сүмийг анхны байдалд нь оруулах нүсэр ажлыг олон улсын мэргэжилтнүүдийн баг гүйцэтгэсэн юм.

Уг ажилд нийтдээ 250 орчим компани, олон зуун мэргэжилтэн оролцжээ.

Өчигдрийн танилцуулгад уг ажилд оролцсон 2,000 орчим хүн уригдсан байна.

Ерөнхийлөгч Макроныг соёлын сайд, Парис хотын захирагч, Парис хотын их хамба Лорен Ульрих болон бусад албаны хүмүүс дагалджээ.

зураг
 

“Та бүхэн боломжгүй гэж бодож байсан зүйлийг хийж чадлаа. Нотр Дамын түймэр бол үндэсний хэмжээний шарх байсан. Та бүхэн энэ шархыг өөрийн хүсэл зориг, хүнд хөдөлмөр, амлалтаараа эмчилж чадлаа” гэж Макрон энэ үеэр сэргээн босгогчдод хандан хэлсэн байна.

Тэрбээр домогт сүм “өмнөхөөсөө илүү үзэмжтэй” болсныг гайхан биширч, сэргээн босголтод оролцсон бүх хүмүүсээр бахархаж байгаагаа илэрхийлжээ.

Нотр Дамын албан ёсны нээлт арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Уг арга хэмжээнд гадаад зарим улсын төр засгийн тэргүүнүүд оролцох төлөвтэй байна.

зураг
 

Дарь Эхийн сүм 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гал түймэрт шатаж байсан юм.

Сүмийг сэргээн босгоход нийт 700 сая орчим еврогийн зардал гарах тооцоо гарч байжээ.

Дэлхийн 150 улс орноос цугларсан 846 сая еврогийн хандиваар уг ажлыг гүйцэтгэсэн байна.

2017 онд 12 сая зочин хүлээн авч байсан Нотр Дам шинээр нээгдсэнийхээ дараа жилд 14-15 сая хүн хүлээн авдаг болох тооцоог Парисын эрх баригчид гаргажээ.

Ерөнхийлөгч Макрон эхлээд арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Нотр Дамын дотор нээлтийн үг хэлэх хүсэлтэй байсан ч сүмийн захиргаатай зөвшилцсөний дараа гадна үүдэнд нь үгээ хэлэхээр болсон байна.

Франц улс нь үндсэн хуулиараа төр, шашны үйл хэргийг хатуу тусгаарласан байдаг юм.

Өнгөрсөн таван жилийн турш гал түймрийн шалтгааныг мөрдөн шалгаад цахилгааны богино холболт, тамхины цог зэрэг хүний хариуцлагагүй үйлдлээс болсон гэх урьдчилсан дүгнэлт гаргаж байв.

 

Эх сурвалж: AFP