Уншиж байна ...

Дэлхийн улс орнууд хуванцрын бохирдлыг хязгаарлах НҮБ-ын гэрээг баталж чадсангүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хуванцар хог хаягдлыг хязгаарлах зорилготой НҮБ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хорооны (INC-5) тав дахь удаагийн хуралдаан өчигдөр БНСУ-ын Бусан хотод нэгдсэн тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөлөө.

Уг хуралдаанаар гэрээг эцэслэн батлах зорилготой байсан юм.

Хэрвээ амжилттай болсон бол 2015 онд байгуулагдсан Парисын уур амьсгалын гэрээнээс хойш байгуулагдсан байгаль орчныг хамгаалах хамгийн том гэрээ болох байлаа.

Гэвч улс орнуудын төлөөлөгчид тохиролцоонд хүрч чадаагүй тул дараагийн хуралдаан хүртэл хойшлуулахаар болжээ.

Гэрээ байгуулах үйл явцад хамгийн их саад учруулсан улс Саудын Араб байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Тухайлбал тус улс хуванцрын үйлдвэрлэлийг бууруулах хүчин чармайлтыг эрс эсэргүүцэж, үйл явцад саад учруулахын тулд процедурын тактик хэрэглэсэн хэмээн буруутгагдаж байна.

Хуванцрын үйлдвэрлэлийн гол түүхий эд нь газрын тос юм.

Хэлэлцээрт оролцогч улс орнуудын ихэнхийн дэмжлэгийг Панам улсын боловсруулсан санал аваад байсан ч хуванцрын үйлдвэрлэлийг хязгаарлах тоо хэмжээн дээр тохиролцож чадаагүй байна.

“Хойшлогдсон өдөр бүрийн тоогоор хүн төрөлхтөнд аюул нэмэгдэж байна. Хэлэлцээрийг хойшлуулснаар хямралыг хойшлуулж чадахгүй” гэж Панамын төлөөлөгчдийн тэргүүн Хуан Карлос Монтеррей Гомес мэдэгджээ.

Хэрвээ хуванцрын үйлдвэрлэл одоогийн хэмнэлээр үргэлжилбэл 2050 онд гурав дахин өсөх төлөвтэй байгаа юм.

“Засгийн газрууд өдөр бүр дэлхийг хуванцраар дүүргэхийг зөвшөөрч, бид түүнийх нь үнэ өртгийг төлж байна. Энэхүү саатал нь хүн төрөлхтөн болон манай гарагийг аймшигтай үр дагаварт хүргэж, хямралын тэргүүн эгнээнд байгаа хүмүүсийг харгис хэрцгийгээр золиослоход хүргэж байна” гэж Greenpeace байгууллагын төлөөлөгчдийн ахлагч Грэм Форбс мэдэгджээ.

“Энэ долоо хоногт олон тэрбум хүнийг төлөөлсөн 100 гаруй улсын төлөөлөгчид дэлхийн өмнө хүлээсэн томоохон зорилттой гэрээ байгуулах амлалтаа биелүүлж чадсангүй” гэж тэр цааш хэлсэн байна.

Дараагийн ээлжийн хуралдаан (INC-6) амжилтад хүрэх баталгаа байхгүй байгааг GAIA байгаль орчныг хамгаалах байгууллага анхааруулжээ.

Энэ удаагийн хуралдаан Азербайжаны нийслэл Баку хотод НҮБ-ын уур амьсгалын 29 дүгээр бага хурал (COP29) дуулиантай өндөрлөснөөс хойш хэдхэн хоногийн дараа эхэлсэн юм.

Уг хурлаар дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд жил бүр $300 тэрбумыг зарцуулахаар тохиролцсон.

Гэхдээ энэ нь хямралд хамгийн гүн нэрвэгдээд байгаа хөгжиж буй орнуудын хүссэн $1.3 их наядтай харьцуулахад хамаагүй бага мөнгө юм.

 

Эх сурвалж: Aljazeera

 

Зураг
3 | 1 цаг