Уншиж байна ...

БНСУ-д монгол сургууль шинээр байгуулах судалгааг эхлүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2 цаг 18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхэн ойг “НАМҮ” Солонгос дахь хүүхэд, гэр бүл сэтгэл зүйн төвийн Үсэглэлийн баярын хамт БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд зохион байгуулжээ.

Түүхэн ойн болон үсэглэлийн баярын арга хэмжээний нээлтэд Элчин сайд С.Сүхболд оролцож, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхэн ойн ач холбогдлын талаар Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, хүүхэд, багачуудад танилцуулсан байна.

Тэрбээр үсэглэлийн баяр нь хүн бүрийн мартагдашгүй дурсамж гээд тус улсад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэлээр сурч, боловсрол эзэмших боломжийг олгох үүднээс Монгол сургууль шинээр байгуулах судалгааг эхлүүлснээ танилцуулж, иргэдэд тулгамдаж буй бусад асуудалд анхаарч, ажиллаж байгаагаа мэдээлэв.

Энэхүү арга хэмжээнд 50 орчим монгол хүүхэд, багачууд эцэг, эхчүүдийн хамт оролцож, төрийн дуулал дуулж, цагаан толгойн 35 үсэг болон Есөн эрдэнийн шүлгийг уншиж, монгол хэлээр сурсан мэдлэгээ сонордууллаа.

“НАМҮ” Солонгос дахь хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн төв нь 2023 онд байгуулагдсан бөгөөд суугаа улсад амьдарч буй монгол хүүхэд, залуус, гэр бүлд боловсрол, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан цуврал лекц - арга хэмжээг Солонгос улсад сурч буй оюутнуудад зориулан Ёнсэй их сургуульд арванхоёрдугаар сарын 2-ны өдөр, Сөүлийн Үндэсний их сургуульд арванхоёрдугаар сарын 3-ны өдөр, Кореа их сургуульд арванхоёрдугаар сарын 4-ний өдөр, Конгүг их сургуульд арванхоёрдугаар сарын 5-ны өдөр тус тус зохион байгуулна гэж БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэв.