Уншиж байна ...

Уяач М.Цогт-Очир: Чадвартай, чадалтай эрийн хуйх морь унадаг болохоос биш охин шиг юмнууд чадахгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны VIII Их хурал “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар Төрийн ордны “Их Монгол” танхимд өнөөдөр зохион байгуулагдаж байна. 

Тус их хуралд 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 500 гаруй уяач холбооныхоо ерөнхийлөгчийг сонгохоор ирсэн аж. 

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчид Баасансүрэнгийн Нямжав, Дашзэвгийн Дагвадорж, Пунцагбалжирын Энхмөнх гэсэн гурван хүн нэр дэвшиж байгаа юм. Одоогоор холбооны ерөнхийлөгчийг сонгох их хурал үргэлжилж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн хурлын үеэр "Түдэвтэй хурд" морин спорт, уяачдын холбооны тэргүүн, сумын алдарт уяач М.Цогт-Очир унаач хүүхдийн эрүүл аюулгүй байдал, морин спортын уралдааны талаар дараах зүйлийг ярилаа.

Тэрбээр "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд сэрвээний өндөр хэмжих нь зөв зүйл. Даанч хэрэгжиж өгөхгүй алдаа гараад байна. Сэрвээний өндөр хэмжих бүрд сайхан биетэй төрсөн монгол адуу хэлмэгдэж байгаа юм.

Унаач хүүхдүүдийн цалингийн хэмжээ уралдаанаас хамаараад харьцангуй байдаг. Хөдөө орон нутгийн уяачид ах дүү болон өөрийн хүүхдээрээ хурдан морио унуулдаг учраас хөлс мөнгөө тохирдог. Унаач хүүхдүүдийн ар гэртээ нь гэрээ хийдэг. Сар морь унуулбал нэг сая төгрөг. Айраг, түрүү, аман хүзүүдвэл бай шагналын 20-30 хувийг өгч байгаа.

Өвөлд хурдан морь уралдах сайхан. Монгол хүнийг болж өгвөл мориноос холдуулмааргүй байна. Нялцгай гурил шиг хүн байсан нь дээр үү. Эр хар сур шиг хүн болж өссөн нь дээр үү гэдгийг бодох ёстой асуудал.

Чадвартай, чадалтай эрийн хуйх морь унадаг болохоос биш охин шиг юмнууд чадахгүй. Хүүхдүүд хүсэл сонирхлоороо хурдан морь унадаг. 

Бид хүүхдийн эрхийг зөрчиж байгаа зүйл байхгүй. Харин хурдан морь унахыг нь хоривол хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг. Би найман настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн. Тэр үед гэрт хэвтэхээр нойр хүрдэггүй байсан учраас айл руу гүйж очиж унадаг байлаа. 

Морийг чаддаг хүн чадвартай байж унадаг. Эс бөгөөс чадваргүй, шургаж унаад гар хөлөө бэртээчихдэг хүүхдүүд хурдан морь унана гэж байхгүй. Ирээдүйд уяач болох, морь унах хүсэл сонирхолтой, цусанд нь шингэсэн хүүхдүүд л морь унана.

Эрсдэл аль ч спортод байдаг. Бид аюулгүй байдал, сайн сайхныг бодож яваа. Би тиймэрхүү муу муухай зүйл ярьж, бодохыг хүсдэггүй. Аль болох надаас хол байгаасай гэж хүсдэг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Би найман наснаасаа морь унасан болохоор өвөл уралдаж л байлаа. Морьтой хар хурдаараа давхиж яваад бэртэж байсан. Гэхдээ одоо бол зүгээр амьдарч байна. Хүүхдүүд мориноос унаж бэртэж байгаа нь заяа, замтай холбоотой зүйл байх.

Адуунд зарцуулж буй хөрөнгө мөнгө ойрын жилүүдэд маш ихэссэн. Адууны үнэ нь гаргасан амжилт, биеийн байдлаас ихээхэн шалтгаалдаг. Хамгийн бага үнэтэй адуу 1.5 сая төгрөгөөс эхэлнэ.

Гэхдээ нэг хурдан морийг өвөлд тэжээвэл дунджаар 10 сая төгрөгийн зардал гаргах шаардлагатай. Монголд хамгийн үнэтэй адуу 800 сая төгрөгт хүрсэн" хэмээн ярилаа.